Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал өчигдөр (2021.12.06) болж давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн арслан Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хассан юм.
Э.Оюунболд гэж хэн бэ?
Тэрбээр 1993 оны 3 сарын 12-нд Монгол улсын Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төржээ. Тэднийх түүнийг найман нас хүртэл Дэлгэрхаанд суманд байгаад Өмнөдэлгэртээ буцаж ирсэн. Эцэг Дашдоржийн Энхтөгс нь аймгийн начин цолтой бөх бол ээж Александрын Алимаасүрэн нь малын их эмч мэргэжилтэй. 16 насны зөрүү бүхий дүүтэй. Оюунболд АШУҮИС-ын оюутан, Завханы уугуул Өнөржаргалтай ханилж 2014 онд хүүтэй болсон.
2005 онд Нийслэлд ирж «Аварга» дээд сургуульд Бүдээбазарын Адьяахүү начны удирдлаганд бөхийн эрдэмд суралцжээ.
2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар 6 давж улсын харцага болов.
2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бол зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болов. Энэ нь 1963 оны Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1999 оны Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэрээс түрүү бөх тодорсон тохиолдол болжээ.
Амжилт:
- 2012 оны Хэнтий аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан
- 2013 оны улсын наадамд 6 давж Улсын харцага
- 2015 оны улсын наадамд 9 давж түрүүлэн Улсын арслан
- 2016 оны улсын наадамд 7 даван шөвгөрсөн
- 2018 оны улсын наадамд 5 даван шөвгөрч "Өсөх идэр" чимэг (нөхөн олгосон)[4]
- 2019 оны улсын наадамд 9 давж Улсын аварга
Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан дээрх шийдвэрт сонирхогчид талцаж, энэхүү шийдвэр буруу зөв эсэхийг хэлэлцэж байна. Саяхан л улсын аварга цол хүртэж, наадамчин олноо баясгаж явсан Э.Оюунболд сүүлийн гурван жил дараалан хүнд цохилтод оров. Эхлээд допингийн шинжилгээнд бүдэрч, гурван шатны шүүхээр явсны эцэст аварга цолоо хураалган, барилдах эрхээ нэг жилээр хасуулсан. Гэтэл түүнээс дахин допинг илэрч, өдгөө 28 настай тэрбээр найман жил барилдах эрхгүй болов. Өөрөөр хэлбэл түүний бөхийн замнал үүгээр эцэслэгдэж байна хэмээн бөх сонирхогчид цахим орчинд бичиж байна.