Эрээний боомт хаагдсанаас үүдэн манай улсад нарийн ногооны хомсдол үүсээд байсан билээ. Үүнтэй холбогдуулан бид гэрийн нөхцөлд нарийн ногоо хэрхэн тарьж ургуулах талаар иргэн Н.Энхтуяагаас зөвлөгөө авч ярилцлаа.
-Таны хувьд хэзээнээс нарийн ногоо тарих болсон бэ?
-Сонирхлынхоо дагуу Япон хэл дээр мэдээлэл хайгаад 2011, 2012 оноос эхлээд ногоо тарьж эхэлсэн. Анх салатны навч, бууцай, өргөст хэмх, помидор тарьж байлаа. Интернет ухаж байгаад санаандгүй усан тариалалт гэдгийг олж мэдсэн. Энэ усан тариалалт нь Японд 1970-аад онд бий болсон юм билээ. Сүүлийн үед ресторан, зоогийн газрууд дотроо өөрсдөө ногоогоо тариад тэндээсээ шууд тасдаж аваад хэрэглэдэг. Битүү цэвэрхэн орчинд ургуулж байгаа учраас угаахгүйгээр шууд хоол, хүнсэндээ хэрэглэх боломжтой. Ногоо тарих хоолойгоо тааз хүртэл үелчихсэн, талбай шаардахгүй. Би ногоо тарьдаг чиглэлийн хүн биш л дээ. Яагаад өөрөө навчит ногоогоо тарьж болохгүй гэж бодоод судалсан. Хайгаад байсан чинь гэрлээр ургуулдаг юм билээ. Интернетэд яг нарийн мэдээлэл байхгүй. Би өөрөө ургуулж алдаж онож байж туршлагажсан. Үйлдвэрлэлийн хэмжээнд биш ч гэсэн гэрийн нөхцөлд болох юм байна гэж бодсон.
-Тарьж буй ногооны төрлүүдээс яривал?
-Би өөрөө үнэрт ногоонуудад дуртай. Хоёр төрлийн базиль байгаа. Нэгийг нь манай дүү Шведээс үрийг нь авчирч байсан. Базиль ногоо чинь гол хоол амтлагч шүү дээ. Бас цай болгоод хандлаад уусан ч болдог. Өвчин намдаадаг, сэргээдэг, тайвшруулдаг, үрэвсэл дардаг, цусны эргэлт сайжруулдаг, гар хөл даарсан үед үүнийг уувал зүгээр.
-Анх удаа нарийн ногоо тарих гэж буй хүмүүст юу зөвлөх вэ?
-Гэрийн нөхцөлд навчит ургамал ургах боломжтой. Анх удаа ногоо тарьж байгаа болохоор ургахаар нь урамшина. Гоё урамшаад явж байтал сүүлдээ нэг хоёр, гурван жилийн дараа ингэх ёстой байсан юм байна гээд туршлагажина.
-Хэрхэн усан тариалалтыг гэртээ хийж болох вэ?
-Усны хоолойг үелүүлэн ус урсах боломжтой байдлаар байршуулаад 60 литрийн эсвэл том саванд ус дүүргэнэ. Энэ ус нь худгийн ус байвал сайн. Учир нь гоожуурын ус эрдэсгүй, хлор ихтэй. Савтай усан дотроо мотороо хийнэ. Загасны акурамд байдаг мотор хийчихдэг. Мөн усандаа бордоогоо тохируулж хийнэ. Тэгэхээр угсарсан хоолойгоор бордоотой ус дамжиж урсана. Бага зэрэг налуу хийж өгнө. Ургамал өөрөө тэр усыг шингээж буюу ууж байгаа учраас тодорхой хэмжээгээр ууршина. Усан оргилууртай адилхан системээр ажилладаг гэсэн үг л дээ. Гэрийн нөхцөлд хийхдээ хоолойгоо ургамал ургах зайг нь тооцоолоод цоолчихно. Цоолсон хэсэгт соёолсон үрээ байршуулна.
-Үрсүүлэхийн тулд юу хэрэгтэй вэ?
-Тэгэхээр эхлээд үрслүүлэхийн тулд порлон хэрэгтэй. Гар доорх материал ашиглаад аяга угаадаг порлоноо хайчлаад хийчхэж болдог байна. Аяга угаадаг порлоныг жижигхэн дөрвөлжин болгож хуваагаад зай гаргаад дотор нь үрээ хямсаа чимхүүрээр усанд норгож байгаад хийнэ. Нэг эсвэл хоёр гурваар нь үрээ хийгээд бордоотой усаа порлондоо шингээнэ. Энэ нь өөрөөр хэлбэл шороо буюу хөрстэй адилхан болчхож байгаа юм. Порлоноос дээшээгээ соёо нь Доошоогоо үндэс нь гарна. Порлондоо соёолж, үндэслэхээр нь дараа нь ундааны тайрсан савандаа хийгээд бордоотой усандаа хийнэ. Салат навч соёлолтынхоо үед 22-23 градус шаарддаг бол базиль тэсвэртэй ургамал учраас 18-20 градус. Үрний ургах нөхцлийн дагуу температур, гэрлийг нь тааруулна. Базиль Салат навч 3-4 хоногт соёлдог. Помидор, өргөст хэмх тав хоногтоо цухуйгаад гараад ирнэ. Бүх ургамал эхлээд хуурамч навч, дараа нь үндсэн навч гэж гарч ирдэг. Салат навчийг 7 хоноод 3-4 навчтай болоод ирэхээр нь шилжүүлэн суулгалт гэж хийх болдог.