Өчигдөр буюу 2021 оны 12-р сарын 6-нд Монголын “том” хоёр нам хурлуудаа хийлээ. Монгол Ардын намын 30 дахь их хурал болсон бол Ардчилсан нам 21 насны ойгоо тэмдэглэлээ. Уншигч танд хоёр намын даргын хэлсэн үг, хийх ажлын төлөвлөгөөг харьцуулах боломж олгож байна.
Ардчилсан нам ойн хүрээндээ үе үеийн дарга нарынхаа оролцсон "БҮТЭН АРДЧИЛАЛ" нэвтрүүлгийг цацаж, "ИРГЭНИЙ АРДЧИЛАЛ XXI ЗУУН" эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, Ардчиллын төлөөх таван нам нэгдсэн түүхэн үйл явдлыг билэгдсэн NFT-г дэлхийн OpenSea-д гаргалаа.
Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга Одонгийн ЦОГТГЭРЭЛ мэндчилгээ дэвшүүлэв.
Одонгийн ЦОГТГЭРЭЛ МЭНДЧИЛГЭЭ
Дэлхий даяар тархан суурьшсан нийт монголчууд аа!
Монгол орны Өнцөг булан бүрд амьдран суугаа ард иргэд ээ!
Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчид ээ!
Та бүхэнд Ардчиллын төлөөх намууд нэгдэн нягтарч, өнөөгийн Ардчилсан намыг байгуулсан түүхт 21 жилийн ойн баярын мэндийг хүндэтгэн дэвшүүлье!
Ардчилсан нам түүхэн цаг хугацааныхаа хамгийн хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа энэ үе түүхийн шарласан хуудсанд “Уналтын цэгээс эргэлтийн цэгээ хатгаж чадсан он жилүүд байлаа” гэж тэмдэглэгдэн үлдээхийн төлөө бид бүгд улам эв нэгдэлтэй байж, улам ухаалаг байж хичээх ёстой гэж би боддог. Бид дотоод асуудлаа 2021 оны 11-р сарын 05-ны өдөр “Онц” тодотголтой их хурлаараа эцэслэн шийдвэрлэж дууссан билээ. Одоо гагцхүү шударга шүүхийн шийдвэрийг Ардчилсан намын гишүүд дэмжигчид хүлээн суугаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Алдаа оноо, уналт босолт ээлжилдэг хүний орчлонд үзэл санаа, үнэт зүйлээрээ туг хийн амьдарч яваа нийт ардчилагчиддаа, дэлхийн дөрвөн зүг найман зовхист тархан суугаа Монголчууддаа эрүүл энхийг хүсье.
Бүтэн Ардчилал бадартугай!
Харин МАН-ын их хуралдаа Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн ба улс орны цаашдын ирээдүйд юу төлөвлөж, ямар бодлогоор ажиллахаа ярилаа.
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгнээс онцлох эшлэл…
1. Монгол Ардын Нам өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол, Шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг Та бидэнд ногдлоо.
2. Улс төрийн хэлмэгдэлд өртөж, хилс гэсгээл хүртсэн эх орончид, гэм зэмгүй ард иргэд, лам хуваргууд болон манай намын гишүүд, тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөөс нь 100 жилийн түүхээ ЭРГЭН ДҮГНЭЖ буй энэ өдөр Монгол Ардын Намын даргын хувьд УУЧЛАЛ гуйж байна…
3. Цар тахлаас улбаалж, эдийн засаг хасах 5.3 хувь хүртэл агшиж, 200 гаруй мянган ажлын байр бодитой эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаараа дүйцэж очих хоёр дахь хүнд үе байлаа.
4. Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллацгаая.
5. Хөгжлийг боомилогч хүчин зүйлсийг богино хугацаанд шийдвэрлэж, эдийн засгийн суурь багтаамжийг цаг алдалгүй тэлж чадвал Монгол Улс нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 дахин өсгөж, ядуурлыг 5 дахин бууруулж, чинээлэг дундаж давхаргыг 80 хувьд хүргэх зорилт бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ.
6. Монгол Ардын Нам нь Социал Демократ үзэл баримтлалтай намын хувьд хүний хөгжил, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарыг онцгойлон дэмжиж, төрийн үйлчилгээний хүртээмж, цалин тэтгэвэр, амьдралын чанарын суурь үзүүлэлтүүдийг СКАНДИНАВЫН орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн хэрэгжүүлнэ.
7. Иргэн бүр жил бүр эрүүл мэндийн оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдаж, олон улсын чанарт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг эх орондоо авдаг болох нөхцөлийг бүрдүүлнэ.
9. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, хиймэл оюун ухаан, блокчэйн зэрэг технологийн хөгжлийн эрин үед бид дэлхийн дэвшилтэт ололтыг угтаж, шинжлэх ухаан, инноваци, техник технологийн салбарыг үсрэнгүй хөгжүүлж, хөрвөх чадвараа сайжруулах шаардлагатай байна аа.
10. Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн суурь асуудлууд, гарц шийдлийн тухай ЗУРГААН БАГЦ АСУУДЛЫГ ярихаар бэлтгэлээ. Учир нь эдгээр ХӨГЖЛИЙГ ХЯЗГААРЛАГЧ хүчин зүйлсийг хамтдаа шийдвэрлэж чадахгүйгээр ямар ч сайхан зорилт дэвшүүлсэн ЦААСАН ДЭЭР ЦАРЦАЖ үлдэх эрсдэлтэй юм.
Нэг. Боомтын сэргэлт
Хоёр. Эрчим хүчний сэргэлтийн тухай
Гурав. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн тухай
Дөрөвдүгээрт Хот, хөдөөгийн сэргэлтийн тухай
Тав. Ногоон хөгжлийн сэргэлтийн тухай
Зургаа. Төрийн бүтээмжийн сэргэлтийн тухай /зургаан багц асуудлын дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу/
11. Улаанбаатар хотын түгжрэл бол өнгөрсөн 30 жилийн улс төрийн хэт тогтворгүй байдал, шат дараалсан олон сонгуулиудын хийрхэл, асуудалд өнөө маргаашаа аргацааж, гал унтраах байдлаар хандаж ирсэн хандлага, тооцоо судалгаагүй популист шийдвэр, авилгад идэгдсэн албан тушаалтнуудын АРЧААГҮЙ, хариуцлагагүй байдлын ТӨЛӨӨС юм.
12. Хотын төвлөрөл багасна гэдэг нь ХӨДӨӨГ ХӨГЖҮҮЛНЭ гэсэн үг. Хотоос хөдөө рүү нүү гэхэд ХЭН Ч ШУУД очихгүй нь ойлгомжтой. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангахад эдийн засгийн бодит хөшүүрэг, ЭРХЗҮЙН цогц шинэчлэл, тогтолцооны томоохон шийдэл хэрэгтэй.
14. Нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх хэмжээний ШИНЭ СУУРЬШЛЫН бүсийг ЭРТНИЙ НИЙСЛЭЛ ХАРХОРУМ хотыг түшиглэн шинээр байгуулах нарийвчилсан судалгааны ажлыг олон улсын хот байгуулалтын инженерүүдтэй хамтарч 2022 онд багтаан эхлүүлнэ.
15. Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, ШИНЭ ХОТ байгуулах их бүтээн байгуулалтыг энэ хавраас эхлүүлнэ.
16. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг төрийн бодлогоор онцгойлон дэмжинэ. ХҮНСЭЭ ДОТООДДОО бүрэн хангах, ХҮНС ЭКСПОРТЛОГЧ улс болох зорилтын хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн, Атрын 4 дүгээр аяныг орчин цагийн хөгжлийн ШИНЭ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлнэ.
17. Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд улсын төсвөөс анх удаа 420 тэрбум төгрөг шийдвэрлэсэн нь нийслэлийн төсвөөс түгжрэлд зарцуулсан 10 жилтэй дүйж байгаа нь бид энэ асуудалд хэрхэн хайнга хандаж ирсний бас нэг илэрхийлэл юм.
18. Авилгатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ.