Монгол Ардын намын 30 дахь их хуралд МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгнээс ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮДИЙГ хүргэж байна.
МАН ШИНЭ ЗУУНД ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛ, БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ХАНГАН ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗОРИУЛНА
- Өнөөдрийн манай намын түүхт 100 жилийн ой тохиож буй 30 дахь удаагийн их хурал Дэлхийн 2-р дайнаас хойш хүн төрөлхтөнд учраагүй Цар тахлын амаргүй цаг үед зохион байгуулагдаж байна.
- Монгол Ардын Нам өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол, Шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг Та бидэнд ногдлоо.
- Ардын хувьсгалын анхны долоон баатраа 100 жилийн ойн намын 30-р Их Хурлын индрээс хүндэтгэн дурсаж байна.
- 1921 оны Ардын хувьсгал бол 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын шууд үргэлжлэл, даяар Монголын гал голомтыг сэргээн мандуулах тэмцэл байсан юм.
- Олон жилийн мятаршгүй тэмцлийн үр дүнд 1961 оны 10-р сарын 27-ны өдөр төрийнхөө алтан соёмбот далбааг Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэнгэрт мандуулан, эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол төрийнхөө гал голомтыг эргэн сэргээж, даян дэлхийд тунхаглан зарлаж чадсан билээ.
- Монгол Ардын Намын 100 жилийн түүх бол Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн түүх юм.
УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭЛД ӨРТӨГСӨД, ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭД, ТӨРӨЛ ТӨРӨГСДӨӨС НЬ МАН-ЫН ДАРГЫН ХУВЬД УУЧЛАЛ ГУЙЖ БАЙНА
- Хүний эрх, эрх чөлөө, олон ургалч үзэл, олон намын тогтолцоо бүхий парламентын засаглал, зах зээлийн эдийн засаг, хүмүүнлэг иргэний нийгэм байгуулах зэрэг ардчилсан үнэт зүйлсийг тунхагласан 1992 оны шинэ Үндсэн хуулийг баталсан Ардын Их Хурлын депутатуудын 83 хувь нь Монгол Ардын Намын гишүүд өөрсдөө байлаа.
Ардчилал бол амьдралыг тэтгэгч амьсгалах агаар мэт анзаарагддаггүй ч алдрах цагтаа эрүүл нийгмийн аминд хүрэх Та бидний нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой ҮНЭТ ЗҮЙЛ юм аа.
- Ардчилсан хувьсгал бол Монголын ард түмний хамтын хүсэл, бас ЗОРИГ байсан юм. Ардчилал бол ард түмний засаглал. Ардчилал бол хувь хүн биш, хууль засагладаг нийгэм. Ардчилал бол эрх чөлөө, үүрэг хариуцлагын нийлбэр. Ардчилал бол иргэн бүрийн идэвхтэй оролцоо юм.
- Ардчилал бол амьдралыг тэтгэгч амьсгалах агаар мэт анзаарагддаггүй ч алдрах цагтаа эрүүл нийгмийн аминд хүрэх Та бидний нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой ҮНЭТ ЗҮЙЛ юм аа.
- Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшлийг цогцлоож, өнөөдрийн Монголыг бүтээлцсэн үе үеийн эх орончид, нэр нь үлдээгүй ч үйлс нь мөнхөрсөн баатрууддаа гүн хүндэтгэл илэрхийлье.
- Улс төрийн хэлмэгдэлд өртөж, хилс гэсгээл хүртсэн эх орончид, гэм зэмгүй ард иргэд, лам хуваргууд болон манай намын гишүүд, тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөөс нь 100 жилийн түүхээ ЭРГЭН ДҮГНЭЖ буй энэ өдөр Монгол Ардын Намын даргын хувьд УУЧЛАЛ гуйж байна…
НАМЫНХАА ШИНЭ ЗУУНЫГ ЯЛАЛТААР БУУХИАЛАН ЗАЛГАМЖЛУУЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ТАНД БАЯРЛАЛАА
- Монгол Ардын Намын хоёр зууны түүхэн солбицолд Та бид Цар тахлын амаргүй сорилттой нүүр тулгарлаа. Цар тахлын хүндрэл нь дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, гадаад харилцаанд хүчтэй доргилт өгч, хүн төрөлхтний амьдралын хэмнэлийг танигдахын аргагүй өөрчиллөө.
- Цар тахлаас улбаалж, эдийн засаг хасах 5.3 хувь хүртэл агшиж, 200 гаруй мянган ажлын байр бодитой эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаараа дүйцэж очих хоёр дахь хүнд үе байлаа
- Амаргүй цаг бүрд ачааны хүндийг Ардын намд үүрүүлж, итгэж дэмжсээр ирсэн АРД ТҮМЭНДЭЭ гүн талархал илэрхийлье.
Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллацгаая
- Хоёр зууны түүхэн заагт намын даргаар ажиллаж, намынхаа шинэ зууныг ялалтаар буухиалан залгамжлуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд баярлалаа.
- Ялалт бол хариуцлага, сорилт бол боломж юм.
- Эдийн засгийн тусгаар тогтнол нь чинээлэг дундаж давхаргад суурилсан, гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын хувьд аль нэг улсаас хэт хамааралгүй, тогтвортой өсөлттэй, өсөлт нь хүртээмжтэй, олон тулгуурт эдийн засгийн бүтцээр баталгаажна.
- Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа – 2050” урт хугацааны бодлого нь ШИНЭ ЗУУНЫ гуравны нэгийг тодорхойлох хөгжлийн үндсэн чиглэл мөн.
- Хөгжлийг боомилогч хүчин зүйлсийг богино хугацаанд шийдвэрлэж, эдийн засгийн суурь багтаамжийг цаг алдалгүй тэлж чадвал Монгол Улс нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 дахин өсгөж, ядуурлыг 5 дахин бууруулж, чинээлэг дундаж давхаргыг 80 хувьд хүргэх зорилт бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ.
- Монгол Ардын Нам нь Социал Демократ үзэл баримтлалтай намын хувьд хүний хөгжил, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарыг онцгойлон дэмжиж, төрийн үйлчилгээний хүртээмж, цалин тэтгэвэр, амьдралын чанарын суурь үзүүлэлтүүдийг СКАНДИНАВЫН орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн хэрэгжүүлнэ.
- Иргэн бүр жил бүр эрүүл мэндийн оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдаж, олон улсын чанарт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг эх орондоо авдаг болох нөхцөлийг бүрдүүлнэ.
Дэлхийн түвшинп өрсөлдөх чадвартай Монгол улсын ирээдүйн иргэдийг бэлтгэх боловсроын тогтолцооны цогц шинэчлэл хийнэ.
- Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож, дотоодын эрүүл хүнсээр бүрэн хангах зорилтоо хэрэгжүүлнэ.
- Монгол хүүхдийн төрөлх гарваль шинж, давтагдашгүй онцлогт тулгуурлан тэдний олон талт авьяасыг нээн хөгжүүлж, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай Монгол Улсын ирээдүйн иргэдийг бэлтгэх боловсролын тогтолцооны цогц шинэчлэл хийнэ.
- Монгол бол залуучуудын орон. Залуучууд зорилготой, орлоготой, орон сууцтай, өөрийн хуримтлалтай байхад чиглэсэн дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо бүрдүүлнэ. Залуучуудын амьдралын баталгаа бол Монгол Улсын ирээдүйн баталгаа юм.
- 21 дүгээр зуун бол хурдны зуун юм. Хурдыг бүтээмж, бүтээмжийг хөгжил дагадаг.
- Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг технологийн хөгжлийн эрин үед бид дэлхийн дэвшилтэт ололтыг угтаж, шинжлэх ухаан, инноваци, техник технологийн салбарыг үсрэнгүй хөгжүүлж, хөрвөх чадвараа сайжруулах шаардлагатай байна аа.
ХӨГЖЛИЙГ ХЯЗГААРЛАГЧ ХАМГИЙН ТОМ ХҮЧИН ЗҮЙЛ НЬ ТӨР ӨӨРӨӨ БАЙНА
- Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн суурь асуудлууд, гарц шийдлийн тухай ЗУРГААН БАГЦ АСУУДЛЫГ ярихаар бэлтгэлээ. Учир нь эдгээр ХӨГЖЛИЙГ ХЯЗГААРЛАГЧ хүчин зүйлсийг хамтдаа шийдвэрлэж чадахгүйгээр ямар ч сайхан зорилт дэвшүүлсэн ЦААСАН ДЭЭР ЦАРЦАЖ үлдэх эрсдэлтэй юм.
Нэг. Боомтын сэргэлт
Хоёр. Эрчим хүчний сэргэлтийн тухай
Гурав. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн тухай
Дөрөвдүгээрт Хот, хөдөөгийн сэргэлтийн тухай
Тав. Ногоон хөгжлийн сэргэлтийн тухай
Зургаа. Төрийн бүтээмжийн сэргэлтийн тухай
-
Цөмийн болон ус төрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах төрийн бодлогоо цаг алдалгүй тодорхойлцгооё. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг ДУУСГАЖ, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллацгаая.
-
Цахим Монгол, Дижитал үндэстэн болох зорилт бол зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулах төдий шийдэл биш юм аа. Цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр, орчин үеийн байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд шинээр байгуулагдах Цахим хөгжлийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам илүүтэй анхаарах шаардлагатай.
-
Улаанбаатар хотын түгжрэл бол өнгөрсөн 30 жилийн улс төрийн хэт тогтворгүй байдал, шат дараалсан олон сонгуулиудын хийрхэл, асуудалд өнөө маргаашаа аргацааж, гал унтраах байдлаар хандаж ирсэн хандлага, тооцоо судалгаагүй популист шийдвэр, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын АРЧААГҮЙ, хариуцлаггүй байдлын ТӨЛӨӨС юм.
Суусан хотоо алхаатай хот болгоход төр-иргэний хамтын ажиллагаа, харилцан ойлголцол туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
- Өнгөрсөн 30 жилд хуримтлагдан архагшсан хууч өвчнийг өвчин намдаах эмээр аргацаах боломжгүй болсныг ард иргэд маань ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ойлгоно гэдэгт итгэж байна. Шулуухан хэлэхэд өвчний голомтыг бүрдүүлж буй зарим асуудлыг МЭС ЗАСЛЫН аргаар багагүй хэмжээний өвдөлт өгч шийдвэрлэхээс өөр гарц үлдсэнгүй ээ.
- Зарим томоохон асуудлыг ШУУД АРДЧИЛЛЫН хэлбэрээр ард нийттэйгээ хамтран шийдвэрлэх нь зүйтэй гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байгаа.
- Хотын төвлөрөл багасна гэдэг нь ХӨДӨӨГ ХӨГЖҮҮЛНЭ гэсэн үг. Хотоос хөдөө рүү нүү гэхэд ХЭН Ч ШУУД очихгүй нь ойлгомжтой. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангахад эдийн засгийн бодит хөшүүрэг, ЭРХЗҮЙН цогц шинэчлэл, тогтолцооны томоохон шийдэл хэрэгтэй.
- Өмнө дурдсан боомт, эрчим хүч, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого, их бүтээн байгуулалтыг дагасан ажлын байр ч энэ асуудалтай нарийвчлан уялдах шаардлагатай.
Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, ШИНЭ ХОТ байгуулах их бүтээн байгуулалтыг энэ хавраас эхлүүлнэ
- Нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх хэмжээний ШИНЭ СУУРЬШЛЫН бүсийг ЭРТНИЙ НИЙСЛЭЛ ХАРХОРУМ хотыг түшиглэн шинээр байгуулах нарийвчилсан судалгааны ажлыг олон улсын хот байгуулалтын инженерүүдтэй хамтарч 2022 онд багтаан эхлүүлнэ.
- Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, ШИНЭ ХОТ байгуулах их бүтээн байгуулалтыг энэ хавраас эхлүүлнэ.
- Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг төрийн бодлогоор онцгойлон дэмжинэ. ХҮНСЭЭ ДОТООДДОО бүрэн хангах, ХҮНС ЭКСПОРТЛОГЧ улс болох зорилтын хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн, Атрын 4 дүгээр аяныг орчин цагийн хөгжлийн ШИНЭ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлнэ.
- Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд улсын төсвөөс анх удаа 420 тэрбум төгрөг шийдвэрлэсэн нь нийслэлийн төсвөөс түгжрэлд зарцуулсан 10 жилтэй дүйж байгаа нь бид энэ асуудалд хэрхэн хайнга хандаж ирсний бас нэг илэрхийлэл юм.
- Суусан хотоо алхаатай хот болгоход төр-иргэний хамтын ажиллагаа, харилцан ойлголцол туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
- Хөгжил бол байгаль өөрөө юм. Цар тахал дэлхий ээжтэйгээ буруу ХАРЬЦСАНААС үүдэж, хүн төрөлхтөнд өгч буй сануулга байхыг ч үгүйсгэхгүй ээ.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон чухал санаачилга юм. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, хөрсний ДОРОЙТОЛТОЙ тэмцэх, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд бүх нийтээрээ ногоон хөгжлийн хандлагаа өөрчилж, Төрийн тэргүүнээ дэмжиж ажиллацгаая.
- Зам дагаж хөгжил, ус дагаж амьдрал цэцэглэдэг билээ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Хөх морь” үндэсний хөтөлбөрийг санаачилж, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийг усаар хангах, саарал усыг дахин боловсруулах, нуур цөөрөм үүсгэх, ширгэсэн гол, мөрөн, булаг, шандыг сэргээхэд чиглэсэн ажлыг цаг алдалгүй өрнүүлнэ.
- Харамсалтай нь хөгжлийг хязгаарлагч хамгийн том хүчин зүйл төр өөрөө байна.
Авлигатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ
- Төр иргэд, аж ахуйн нэгжийн боломжийг хязгаарлагч, боомилогч биш, харин дэмжигч, урамшуулагч байх учиртай.
- Хувийн хэвшилд хязгаарлагч хүчин зүйл болдог энгийн жишээ дурдахад ид бүтээн байгуулалт урин цагт эхэлдэг улирлын онцлогтой. Гэтэл Монгол Улсын төсөв 11 дүгээр сард батлагдаж, төсвийн жил 1 дүгээр сард эхэлдэг. Тендер, сонгон шалгаруулалт, шүүхийн маргаан, бүх шатны шүүхээр заргалдсаар гэрээ ч байгуулж чадалгүй намартай золгодог.
- Яагаад бид өвлийн улиралд худалдан авалтаа зохион байгуулж, хавар бүтээн байгуулалтаа эхлүүлж, зун, намрыг бүтээмжтэй ашиглаж болохгүй гэж? Яагаад иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг маргаан шийдвэрлэх үйл явцыг ил тод, түргэн шуурхай болгож болохгүй гэж?
- Тиймээс төрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд төр, иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид хамтарч, хязгаарлаж буй хүчин зүйлээ ЗӨВ ТОДОРХОЙЛЖ, шийдэл олох нь нэн чухал юм аа.
- Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулна.
- Авилгатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана.
- Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна.
- Монгол Ардын Нам шинэ зуунд улс төрийн манлайлагч байр сууриа хадгалахын тулд авлигатай хийх тэмцлийг улам бүр эрчимжүүлэх ёстой. Энэхүү тэмцэл нь намын ГИШҮҮН НЭГ бүрийн эрхэм зорилго, журамт үүрэг байх учиртай.
- Монгол төр хүчирхэг, шударга, ЁС ЗҮЙТЭЙ, САХИЛГА хариуцлагатай байх ёстой.
Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжин ажиллахыг улс төрийн бүх намууд, иргэний нийгмийн байгууллагуудад хандан уриалж байна
- Төр хөгжлийг гацаагч, удаашруулагч биш, харин дэмжигч, хурдасгагч, иргэддээ ҮЙЛЧЛЭГЧ байх ёстой.
- Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин өснө. Эрчим хүчний ЧАДАЛ 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ.
- Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасч, хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болж, хот хөдөөгийн тэнцвэр хангагдана.
- Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн суурь хэмжээ 2 дахин тэлнэ.
- Монгол Улс гадаад харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн зарчимдаа “МОНГОЛЫН АНДГАЙ ЗА БУЙ ЗАА” хэмээх язгуурын зарчмыг хатуу баримтлана.
- Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол, ХҮН намын Монгол гэж байхгүй ээ. Хэдийгээр бид үзэл бодол, баримтлах зарчим, байр суурь зөрүүтэй ч Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө нэгдмэл эрх ашигтай билээ. Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжин ажиллахыг улс төрийн бүх намууд, иргэний нийгмийн байгууллагуудад хандан уриалж байна.
- 100 жилийн түүхийг бүтээлцсэн Монгол Ардын Намын үе үеийн дарга нартаа намын 30-р их хурлын төлөөлөгчдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсье.
- Эцэг дээдэс маань 30 жилийн дотор дэлхийн түүхийг өөрчилсөн шиг, эх орон минь 30 жилийн дотор нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлсэн, АЗИЙН ИХ ХҮЛЭГ улс болон хөгжин мандах болтугай!