Энэ оны цэрэг таталтыг улсын хэмжээнд 2021 оны 10 сарын 21 өдрөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд зохион байгуулсан. Энэ удаагийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн алба хаахаар татагдан ирсэн шинэ дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа” 12 сарын 3-ны өдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангид боллоо.
Энэхүү ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо болон хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийн төлөөлөл оролцсон юм.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр “Цэргийн тангараг”-аа өргөж буй шинэ дайчдад Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир “Тангараг өргөсөн цэргийн зүрхэнд эх орон багтдаг. Цэргийн тангараг өргөснөөр та бүхэн ээж, аавын хүүгээс эх орны цэрэг болж байна. Эр цэргийн алба нь эр хүний хийморь золбоо, сүр жавхаа, эр зориг, тэсвэр хатуужил, эрдэм мэдлэгийн алба юм шүү” хэмээн хэллээ.