Өчигдөр буюу 2021.12.04-ний өдөр Индонезийн Зүүн Ява мужид галт уул дэлбэрсэн байгалийн гамшигт үзэгдэл боллоо. Галт уулын дэлбэрэлтээс үүссэн утаа, үнс цацарчээ. Галт уулын дэлбэрэлтийн бүсээс олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэдгээ Индонезийн эрх баригчид мэдэгдэв.
Семеру галт уулын дэлбэрэлтийн улмаас нэг хүн амиа алдаж, 41 хүн шархадсан бөгөөд ойролцоох тосгод үнсэн нурангид дарагдаж, үнс нурам, нурангинуудын тоосноос айсан хүмүүс явганаар дүрвэж, замбараагүй байдал үүсгэжээ.
Галт уул дэлбэрсэн өдөр 300 гэр бүлийг нүүлгэн шилжүүлсэн гэж галт уулын ойролцоох Лумажан дүүргийн орлогч дарга Индах Амперавати мэдэгджээ.
Тэрээр хэлэхдээ, түлэгдсэн хохирогчдын ихэнхийг Курах Кобокан тосгонд нас барсан оршин суугчийн хамт Пенанггалын эрүүл мэндийн төв рүү нүүлгэн шилжүүлсэн гэдгийг дурдсан байна.
Семеру галт уулын ойролцоох замууд шавар, унасан модонд боогдсоны улмаас эрх баригчид зарим тосгонд хүрч чадахгүй байна гэж Индах Амперавати хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн аж.
Индонезийн Цэргийн албаныхнаас боловсон хүчний дэмжлэг, тоног төхөөрөмж хүссэн гэж Үндэсний гамшгаас хамгаалах агентлагийн (BNPB) дарга, хошууч генерал Сухарянто хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Тодруулбал, Семеру галт уулаас бямба гарагийн 15 цагийн үед хүхрийн үнэр тархаж, улмаар үнс цацарч эхэлсэн. Улмаар хүчтэй дэлбэрэлт болж, тэнгэр өөд үнс цацагдан, утаа үнс орчныг бүрхжээ. Нутгийн иргэдийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бичлэгүүдэд хүмүүс Бесук Кобокан дахь орон нутгийн сүмд цугларч, эргэн тойрны гудамжуудыг үнс, утаа бүрхэж байгааг харуулсан байна.
Одоогоор нүүлгэн шилжүүлэлт хийгдэж, дүрвэгсдийн хуарангууд руу нүүлгэн шилжүүлсэн оршин суугчдад хоол хүнс, маск, хөнжил, орон байраар хангах ажил ид өрнөж байгаа аж.
Индонез улс нь Номхон далайн сав газрын эргэн тойронд орших Галын цагираг гэгддэг тивийн хоёр хавтангийн хооронд байрладаг бөгөөд энэ нь тектоник болон галт уулын идэвхжил өндөр түвшинд хүргэдэг.