Итали улсад Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтын сувилагчийг хуурах гэж оролдсон "сонирхолтой" хэрэг гарчээ. Тус улсын Пьемонт мужийн Биелла хотод хуурамч гар зүүн, түүндээ дархлаажуулалтын тарилга хийлгэхийг оролдсон эрийг сувилагч бүсгүй гярхай ажиглан залилах гэсэн оролдлогыг нь зогсоосон байна. Биелла хотын дархлаажуулалтын хэсгийн сувилагч Филиппа Буа CNN-ийн сэтгүүлчид хэлэхдээ “Тарилга хийх гэж байхдаа тэр хүний арьсны өнгө хэвийн бус, нүүрнийх нь арьстай харьцуулахад хамаагүй цайвар өнгөтэй байсан учраас илүү нарийвчлан шалгаж үзээд хуурамч буюу силикон гар болохыг нь мэдсэн” гэжээ. "Би тэр хүнийг хиймэл эрхтэн гартай юм байна гэж бодоод буруу гар андуурч сунгасан юм болов уу гэж бодсон гэж сувилагч Буа тодруулан хэлсэн байна. Уг хачирхалтай явдлыг мэдсэн сувилагч Буа эмнэлгийн хамгаалалтын албанд мэдэгдсэнээр залилагч этгээдийг саатуулжээ. Саатуулах явцад зальт эр дархлаажуулалтын гэрчилгээ авахын тулд хиймэл гар зүүн ирж, хуурахыг оролдсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Пьемонт мужийн захиргаа залилагч этгээдийг эрүүл мэндийн тогтолцоог хуурах гэсэн хэмээн буруутгажээ.
Пьемонт мужийн ерөнхийлөгч, эрүүл мэндийн зөвлөхийн хамтарсан мэдэгдэлд "Хэргийг" инээдтэй гэж тодорхойлж болох ч ийм байж боломгүй зүйлийг хийснийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ. Биэлла хотын Эрүүл мэндийн хэлтэс уг асуудалтай холбогдуулан орон нутгийн прокурорын газарт гомдол гаргасан болохоо албан ёсоор мэдэгдсэн байна.