Өнгөрсөн наймдугаар сараас шатахуун импортлогч ААН-үүд шатахууны үнээ литр тутамд 300 төгрөгөөр нэмж, шатахууны үнэ тухайн сард хоёр удаа нийт 600 төгрөгөөр өссөн.
Тэгвэл саяхан 100 төгрөгөөр шатахууны үнээ нэмсэн шатахуун импортлогч ААН-үүд өнөөдөр дахин шатахууны үнийг литр тутамд 70-100 төгрөгөөр нэмжээ.
Эргэн сануулахад, Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнэ тогтворжуулах төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-нд хуралдаж, АИ-92 шатахууны нөөцийг бүрдүүлж, жижиглэнгийн үнийг зах зээлийн горимд шилжүүлэн, чөлөөлөх зөвлөмжийг гаргасан. Ингэхдээ АИ-92 шатахууны үнийг дэлхийн зах зээлийн сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцож, тогтоохоор болжээ. Ингэснээр шатахууны үнэ огцом нэмэгдэхгүй, нэг удаагийн үнийн өсөлт 100 төгрөгөөс хэтрэхгүй байна хэмээн мэдээлсэн.
Сарын өмнө шатахууны үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдэн АИ-92 шатахуун 2150 төгрөг болж байлаа.
Үнэ чөлөөлснөөр ойрын хугацаанд автобензиний үнэ 300 хүртэлх төгрөгөөр нэмэгдэх талаар өнгөрсөн сард эх сурвалжууд мэдээлж байсан билээ.