ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрдэмтдийн багийн нарийн бичиг О.Батбаяр мэдээлэл өглөө.
Тэрээр "ӨАБНУ-ын найман мужид омикрон хувилбар 11 дүгээр сарын 26-нд бүртгэгдсэн. Одоогоор ДЭМБ-аас "анхаарал татах" ангилалд оруулж, судалгаа хийж байна. Дэлхийн бусад улс орнууд ч шинэ хувилбарын шинж тэмдгийг судалж байгаа. Шинэ мутацитай холбоотойгоор Өмнөд Африкт бүртгэгдэх халдварын тоо эрс нэмэгдсэн. Мөн тухайн улсад вакцинжуулалт хангалтгүй байгаа нь тархалт нэмэгдэхэд нөлөөлж байна. Судлаачид дельта хувилбараар өвдсөн хүмүүс омикрон хувилбараар өвчлөх магадлалтайг онцолсон байна. Омикроны халдвараас сэргийлэх чиглэлийн судалгааны үр дүн гарч эхэлсэн. Тухайлбал, Оксфордын их сургуулийн судалгааны баг вакцины гуравдугаар тун шинэ мутацийн эсрэг үр дүнтэй байгааг нотолсон байна. Вакцины нэмэлт тун хийлгэсэн хүмүүс омикрон хувилбараас 90 хувь хамгаалагдаж байгааг Израил улсын Эрүүл мэндийн яамнаас зарласан байна.
Манай улсын хувьд тохиолдлын тоо өнгөрсөн сарынхаас 70 орчим хувь буурсан. Одоогоор нийт хүн амын 22 хувь нь, зорилтот бүлгийн 37 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагдсан байна. Гэрээр хянагдаж буй иргэд болон эмнэлэгт хэвтэгсдийн тоо ч мөн эрс буурлаа. Вакцин хийлгээгүй 12-оос доош насны хүүхдүүдийг болон ахмадуудыг гадагш авч явахгүй байхыг зөвлөж байна" гэлээ.