
Өчигдөр шөнө /2021.12.02/ Египетчүүд Луксор дахь эртний Сфинксийн өргөн чөлөө буюу Луксорын сүм болон Карнакийн сүм хоёрыг холбосон 2.7 км замыг дахин нээгдсэний баярыг улс даяараа тэмдэглэлээ.
Энэхүү арга хэмжээний үеэр Нил мөрний урсац, үржил шимийг тэмдэглэх зорилгоор хаадын удмыг байлцуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эртний баяр, багт наадам болох Опетийн баярыг сэргээн баярлацгаав.
Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиси баярын арга хэмжээнд оролцжээ. Опет наадмын үеэр эртний зан үйлийг харуулсан фараоны хувцастай цэргүүд марш алхаж, найрал хөгжим, бүжигчид үзэгчдийг хөгжөөжээ.
Луксор дахь эртний Сфинксийн өргөн чөлөө 3400 жилийн түүхтэй бөгөөд анх 1940-өөд оны сүүлээр археологичид анх нээсэн аж. Уг замыг Египетийн өөр өөр гүрний хооронд хэдэн зуун жилийн турш өргөтгөж, усанд ордог онгоц, угаалгын сав, вааран эдлэл хийх газар, дарсны сав хадгалах газар зэрэг байгууламжуудыг нэмж барьж өргөжүүлж байжээ.
Олон арван жилийн малтлага, сэргээн босголтын дүнд Сфинксийн өргөн чөлөө нээлтээ хийж жуулчид, үзэгчдийн нүдийг хужирлахад бэлэн боллоо. Египетийн Аялал жуулчлал, эртний эдлэлийн яам энэ газрыг "Дэлхийн хамгийн том нээлттэй музей" хэмээн тодорхойлоод төслийн зорилго нь Луксор дахь аялал жуулчлалыг хөгжүүлэх, археологийн олон янзын бүрэлдэхүүн хэсгүүдийг тодруулах явдал гэдгийг мэдэгджээ.
Аялал жуулчлал нь Египетийн ажлын байр, орлогын чухал эх үүсвэр бөгөөд Ковид-19 тахлын үеэр тус салбар ихээхэн хохирол амссан юм.
Ройтерс агентлагийн мэдээлснээр тус улсын аялал жуулчлалын орлого 2019 онд 13 тэрбум ам.доллар байсан бол 2020 онд дөрвөн тэрбум орчим доллар болж буурчээ.