Өнөөдөр бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр хөгжлийн бэрхшээлийг даван туулж, түүнтэй зохицон амьдарч байгаа хүн бүрийн хувьд эрхээ эдлэх, олон нийтэд дуу хоолойгоо хүргэх боломжтой чухал өдөр юм.
Монгол улсад нийт 108,399 хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байна. Бидний байнга авч байдаг эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, тээвэр,мэдээлэл зэрэг үйлчилгээг авахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст саад бэрхшээл үргэлж учирч байдаг.
Үүнээс илүүтэйгээр олон нийтийн хандлага, ялгаварлан гадуурхалт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өөрийгөө тусгаарлах, цоожтой хаалганы цаана нуух хамгийн том шалтгаануудын нэг болж байгаа нь харамсалтай.
Монгол улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 5.1.1-д “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн амьдралд эрх тэгш оролцоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг үл тэвчих” хэмээн заасан байдаг.