Өмнөд Солонгосын дунд сургуулийн сурагч дөрвөн охин дээд ангийнхаа монгол охиныг зургаан цаг цоожилж, гар, хөлийг нь скочоор хүлж, хүчээр архи уулган зодсон хэрэг тус улсад гарсан болохыг MBC news өчигдөр мэдээллээ.
Гэмт этгээдүүд охинд хүчээр архи уулгаж, зодсоныхоо дараа видео бичлэг хийж, 5000 воноор БУСАД СУРАГЧДАД зарсан байна. Бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан тул хохирогч сэтгэл санааны цочролоос болж сургуульдаа явж чадахгүй байгаагаа сэтгүүлчид ярьжээ.
Хохирогч охин MBC news-д өгсөн ярилцлагадаа “Ингэж зодуулснаас үхсэн нь дээр” гэж бодсоор л байсан. Эцэст нь би гэртээ ирсэн ч биед халдсан бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж эхэлсэн. Гэмт этгээдүүд сургуульдаа явж байгаа ч би ердийн амьдралдаа эргэж орж чадахгүй байгаа” гэжээ. Бичлэгийг илрүүлсний дараа цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг өнгөрсөн аравдугаар сард прокурорт шилжүүлсэн байна.
Тухайн хохирогч хүүхэд арван жилийн өмнө Өмнөд Солонгост эцэг, эхийн хамт очсон бөгөөд уг сургуулийн нэгдүгээр дамжааны сурагч аж.
Эх сурвалж: МВС
Энэ талаар тодруулахаар Гадаад харилцааны яамтай холбогдоход "Өмнөд Солонгос улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлэл авч байна. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэв.