Япон улсын Тээврийн яам өчигдөр хуралдаж, агаарын тээврийн компаниуддаа коронавирусийн шинэ хувилбар дэгдэж буй Омикрон вирусийн улмаас нислэгийн захиалгаа түр зогсоохыг үүрэг болголоо.
Нислэгийн захиалгаа нэг сарын хугацаанд зогсоох бөгөөд “Яаралтай арга хэмжээ” хэмээн тайлбарлажээ.Харин Арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө нислэгийн захиалгаа өгсөн хүмүүсийн нислэг цуцлагдахгүй юм байна. Уг хориг япон улсын иргэдэд ч ижил үйлчлэх аж.
Тус улсын агаарын тээврийн хоёр том компани болох All Nippon Airways, Japan Airlines-ийн удирдлагууд Тээврийн яамны гаргасан үүргийг биелүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.
Япон улсад өнгөрсөн бямба гарагт Перу улсаас Токиогийн Нарита нисэх онгоцны буудалд газардсан 20 гаруй насны иргэнээс омикрон хувилбар илэрсэн. Одоогоор тус улсад Омикрон хувилбарын хоёр дахь тохиолдол бүртгэгдээд байна.
Япон улсын Эрүүл мэндийн яамнаас лхагва гарагт хийсэн хэвлэлийн хурлаар “Омикрон хувилбарын хоёр дахь тохиолдол бүртгэгдэж, хавьтсан байж болзошгүй хүмүүсийн тоо 71-ээс 114 болж нэмэгдсэн” гэж мэдэгджээ. Хавьтагч болсон байж болзошгүй 114 хүнийг Засгийн газраас тогтоосон байгууламжид тусгаарлажээ.
Тодруулбал, Омикрон хувилбарын халдвар дамжих чадвар, шинж чанарыг судлах ажил эхний шатанд яваа учир улс орнууд эрсдэлээс сэргийлэн Өмнөд Африк тэргүүтэй халдварын тохиолдол олноор бүртгэгдсэн орнуудаас ирж буй зорчигчдыг хилээрээ нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг яаралтай авч эхэлцгээсэн. Энэхүү шинэ хувилбарт урьд өмнө байгаагүй олон тооны мутаци байгаа нь коронавирусын анхны омгоос халдварлах чадвар хоёр дахин өндөр, дельта хувилбараас хурдан тархах эрсдэлтэй юм.