Цар тахлын “омикрон” хувилбар гарснаас үүдэн олон улс хилийн хориг, хязгаарлалтаа сэргээх болсон.
Вакцинд хамрагдсан жуулчдад зориулан дахин хилээ нээхээр болсон тухайгаа Америкийн захиргаа мэдэгдсэнээс гуравхан долоо хоног өнгөрсний дараа энэ шийдвэрээ эргэн нэг харахаар болсон гэнэ. Энэ нь коронавирусийн шинэ хувилбар болох омикрон штаммын дэгдэлттэй холбоотой гэж NBC суваг мэдээлжээ.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад аялаад Калифорнид буцаж ирсэн иргэнээс коронавирусийн Омикрон хувилбарын анхны тохиолдол илэрсэн тухай АНУ-ын засгийн газар өчигдөр мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Америкт ирэх гадаадын иргэдийг хүлээн авах журмаа чангатгахаар болсон талаар пүрэв гарагт албан ёсоор зарлах төлөвлөгөөтэй байгаа аж.
АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төвийн мэдэгдсэнээр, вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран бүхий л зорчигчид онгоцонд суухаас өмнө PCR шинжилгээ өгөх хугацааг багасгаж, нэг өдрийн өмнө шинжилгээ өгсөн байх шаардлагатай гэж өөрчилж байгаа гэнэ. Одоогоор АНУ-д ирж буй вакцинд хамрагдсан жуулчид гурван өдрийн дотор хийлгэсэн шинжилгээний хариутай байх ёстой юм. Мөн вакцинд хамрагдаагүй бол шинжилгээний хариу сөрөг хариу байсан ч АНУ руу нэвтрэх боломжгүй.
Түүнчлэн АНУ-д ирснийхээ дараа дахин шинжилгээ өгөх, сайн дураар тусгаарлагдах зэрэг арга хэмжээ нэвтрүүлэх талаар хэлэлцэж байгаа гэж дээрх төвийн захирал Рошель Валенски мэдэгджээ.
Гадаадын иргэд АНУ-д ирснийхээ дараа 3-5 хоногийн дотор зайлшгүй шинжилгээ өгөх журмыг нэвтрүүлэхээр зэхэж байгаа аж. Түүнчлэн гадаад, дотоодын бүх аялагчдыг АНУ-д ирсний дараа шинжилгээний хариу сөрөг гарсан байсан ч долоо хоногийн хугацаанд тусгаарлах асуудалд санал зөрөлдсөн талаар эх сурвалжууд мэдээлэв. Үүгээр ч зогсохгүй хэрэв хилийн хатуу журмыг зөрчвөл торгох болон ял шийтгэх асуудал ч мөн яригдаж байна.
АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн боловсруулсан олон нийтийн эрүүл мэндийн журамд хоёр шинжилгээний арга хэмжээг нарийвчлан тодорхойлсон бөгөөд тус улсын Эрүүл мэнд, иргэний үйлчилгээний яам болон Цагаан ордонд хянуулахаар өргөн барьжээ. Жо Байдены захиргаа энэ долоо хоног гарсаар цар тахлын шинэ хувилбараас хэрхэн сэргийлэх, ямар арга хэмжээ авах талаарх асуулт, шахалтад дарагдсан аж. “Омикрон” хувилбар арваннэгдүгээр сарын 26-нд ДЭМБ-д албан ёсоор бүртгэгдсэнээс хойш дэлхийн 20 орчим оронд илэрсэн юм.
Ийнхүү шинэ хувилбар хурдацтай тархаж байгаа тул дэлхийн улс орнууд халдварыг тогтоон барих үүднээс улс руугаа зорчигч нэвтрүүлэх журмыг баталж, амны хаалт зүүх журмыг чангатгасан бол Израиль, Марокко, Япон улс зөвхөн Африкаас төдийгүй бүхий л улс орнуудын иргэдийг улсынхаа нутаг дэвсгэр рүү нэвтрүүлэхгүйгээр шийдэн хилээ хаасан юм.