171 хорооны хамтарсан багийн гишүүд дунд, “Асуудал, шийдэл” илтгэл, ур чадварын уралдаан зохион байгуулжээ. Үүнд ХУД-ийн 16 дугаар хорооны “Хамтарсан баг”-ийн гишүүд тэргүүн байр эзэлсэн байна.
Энэ талаар ХУД-ийн 16-р хорооны засаг дарга Ж.Хишигбаяр,
ХУД-ийн 16 дугаар хороо бол байшин хорооллын таван хэсэг, гэр хорооллын арван хэсгээс бүрдсэн хосолсон хороо. 4000 гаруй өрхийн 17 мянга гаруй иргэнтэй болж байгаа. Нийслэлийн тэмцээн бол дүүрэг дундаа хамтарсан багаа байгуулаад, есөн дүүргээс шалгарсан багууд өрсөлддөг. Энэ удаад бид тэргүүн байранд орсон. Хамтарсан багийн гол хийх ёстой зүйл бол урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх. Цахим орчинд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, байшин хороолол, гэр хорооллын орц, гудамжаар гэрэлтүүлэг, самбар, зөрчлийн тухай хууль зэргийг байршуулсан байгаа. Хамтарсан багийн үйл ажиллагааны үр дүнд, гэр бүл хүчирхийллийн дуудлага 40 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэв.
Харин хорооны хөгжлийн нийгмийн ажилтан Ц.Наран-Эрдэнэ,
“Хэргийн газар хохирогчдод анхан шатны тусламж үзүүлдэг. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагуудтай холбох үйлчилгээ үзүүлдэг болохоор нийгмийн ажилтнаас маш их мэдрэмж шаарддаг. Нэг үг буруу хэлэхэд хохирогчийн сэтгэл зүй өөрчлөгддөг. Хүчирхийллийн хохирогч зөвхөн хүүхэд эмэгтэйчүүд байдаггүй. Эмэгтэй хүн эр хүнийг хүчирхийлэх тохиолдол маш их. Нөхөр нь огт архи уухгүй байхад эхнэр нь үргэлж ууж, үр хүүхдээ заналхийлдэг. Эрэгтэй хүний сэтгэл зүйд нөлөөлж урт хугацааны дарамт үүсгэсэн тохиолдол их гарч байна.
Хүчирхийллийн хохирогч өөрийгөө хохирогч гэж хүлээн зөвшөөрөхгүй, мэдээлэхгүйгээр даамжирч явсаар байгаад сүүлдээ амиа хорлох хэлбэр рүү шилждэг. Иргэд энэ хүчирхийллийг маш сайн мэдээлж байх ёстой. Бидний үр, хойч ирээдүй 10-20 жилийн дараа ямар нийгэм бүрдүүлэх вэ гэдэг асуудалтай. Тиймээс иргэд үүнийг илрүүлэх хэрэгтэй. Таны хүүхэд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй хамт нийгэм бүтээлцэх учраас хүн бүр үүнийг анхаарч мэдээлээрэй гэж хэлмээр байна” гэлээ.
Энэ оны эхний арван сарын байдлаар 11 мянган гэр бүлийн хүчирхийллийн дуудлага нийслэлийн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Зөвхөн ил гарч буй тоон мэдээлэл нь энэ бөгөөд үүний цаана хичнээн хүн далд хэлбэрийн хүчирхийлэлд өртөж буйг мэдэхгүй. Иймд "Хорооны хамтарсан баг" хүчирхийлэлд өртөж буй таныг хамгаалах, дэмжих үүрэг бүхий мэргэжилтнүүд. Ямар нэг хэлбэрээр дарамтад орсон бол заавал мэдээлж, өөрийгөө болон үр хүүхдээ эрсдлээс хамгаалахыг анхааруулъя.