Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа вакцинжуулалтын явцыг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 69.5 хувь нь коронавирусийн эсрэг вакцины I тунд, II тунд 66.1 хувь нь хамрагдаад байна.
Харин дархлаа сэргээх нэмэлт тунд нийт хүн амын 21 хувь нь хамрагджээ. Өссөн дүнгээр 674,925 хүн дархлаа сэргээх нэмэлт тун хийлгэсэн нь насанд хүрсэн иргэдийн 35.7 хувьтай тэнцэж байгаа юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Дэлхий дахинд дэгдээд байгаа шинэ мутацийг ДЭМБ онцгой анхаарал татахуйц хэмээн бүртгэж авсан. Өнөөдрийн байдлаар дэлхийн 18 улсад бүртгэгдээд байна. Үүнтэй холбогдуулан улс орнууд энэхүү шинэ мутаци бүртгэгдсэн улс орноос гадаадын иргэн хүлээн авахгүй, өөрийн улс орны иргэдийг хүлээн авахдаа 10-14 хоног тусгаарлах, гурав дахь тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэх арга хэмжээ авч байна.
Манай улсын хувьд хилийн боомтуудад шуурхай баг ажиллуулж байна. Гадаадаас ирж байгаа иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байгаа. Өнгөрөгч 11 дүгээр сарын 28-наас хойш гадаадаас 1040 хүн ирсэн бөгөөд хүнээс хоёр хүний шинжилгээ эерэг гарсан. Тус хоёр хүнийг ХӨСҮТ рүү авч явж баталгаажуулах шинжилгээ хийхэд нэг хүнээс дельта хувилбар илэрсэн. Нөгөө хүний шинжилгээ сөрөг гарсан.
Тухайлбал, тун хоорондын зайг гурван сар болгож зарлалаа.
Манай улсын хувьд хилийн боомтуудад нэмэлт тандалтын баг гарган ажиллуулж, шинжилгээ авч иргэдийг нэвтрүүлж байна. Иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээг зэрэг аваад, түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарвал тусгаарлах байр руу шилжүүлж, дараагийн шинжилгээгээр баталгаажуулж байгаа.
Арваннэгдүгээр сарын 28-наас хойш гадаадаас 1,040 хүн ирсэн. Эдгээрээс хоёр тохиолдолд түргэвчилсэн шинжилгээгээр халдвар илэрсэн тул ХӨСҮТ-д шилжүүлэн PCR шинжилгээ хийхэд нэг иргэнээс дельта хувилбарын халдвар илэрч, нөгөө хүний онош үгүйсгэгдсэн" хэмээн ярилаа.
Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Омикрон хувилбарын эмнэл зүйн шинж тэмдэг хөнгөн байгаа талаар мэдээлэл гарч байна. Энэ тухайд мэдээлэл өгөхгүй юу?
-Омикрон хувилбарын эмчилгээ бусад хувилбарынхтай ижилхэн байгаа. Эмчилгээний тактик өөрчлөгдөхгүй. Илэрч буй шинж тэмдэг хөнгөн байгаа талаар ДЭМБ болон Өмнөд Африкт тус халдварыг эмчилж буй эмч нарын мэдээлэл гарч байна. Тухайлбал, толгой өвдөх шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд хүчилтөрөгчийн дутагдалд орж хүндрэхгүй байгаа гэх мэдээлэл бий.
-Дархлаа сэргээх нэмэлт тунгийн хамралт эрчимжиж байна. Долоо хоногт дунджаар хэчнээн хүн нэмэлт тунг хийлгэж байна вэ?
-Долоо хоногт дунджаар 80 мянган хүн нэмэлт тунг хийлгэж байгаа. Сүүлийн өдрүүдэд залуучууд, оюутнууд эрчимтэй хамрагдаж эхэлсэн. Өчигдөр гэхэд 18,000 хүн вакцинд хамрагдсан байна. Дархлаажуулалтын цэгийн тоог дөрөв дахин нэмэгдүүлэн өргөн хүрээтэй явуулж байна.