АНУ улсаас Монгол Улсад оршин сууж байгаа болон гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн интернет банканд удаа дараа хууль бусаар халдаж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан МУ-ын иргэн “О” гэгч этгээдийг ЭЦА-аас интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байсан. Тэгвэл өнөөдөр түүнийг АНУ-ын хууль сахиулах байгууллагаас хүлээн авч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.
Уг этгээд нь 2018 онд АНУ очсон бөгөөд 2019 оноос эхлэн иргэдийн интернет банк руу халдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байсан юм.
Тухайн этгээд нь гадаад улсад амьдардаг байсан тул Эрүүгийн цагдаагийн албанаас олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан бөгөөд үүний үр дүнд өнөөдөр уг этгээдийг АНУ-аас Монгол Улсад албадан авч ирсэн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр 100 орчим үйлдлээр иргэдэд тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан аж. Түүний учруулсан хохирлыг эцэслэн тогтоохоор ЭЦА ажиллаж байна.