Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, Армийн генерал В.В.Герасимов бараалхжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын ард түмэн дайны хүнд үе, энх цагийн бүтээн байгуулалтад хамтдаа байж ирснийг тэмдэглэв. Жанжин штабын даргын айлчлал хоёр орны батлан хамгаалах салбар, тэр дундаа Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгааг хэлэв.
Харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, Армийн генерал В.В.Герасимов илэрхийллээ.
Тухайлбал Монгол Улсын цэргийн алба хаагчдыг цэргийн академи, их, дээд сургуульд сургаж бэлтгэхийн зэрэгцээ жил бүр “Сэлэнгэ” хамтарсан хээрийн сургууль зохион байгуулдгийг хэлэв. Уулзалтын үеэр хоёр орны цэрэг, цэрэг техникийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон байна.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар