Өгөдэйн ач Хайду хааны охин Хотулун гүнжийн тухай үзүүлэх уран сайхны кино 12 дугаар сарын 03-ны Баасан гаригаас эхлэн бүх кинотеатруудаар гарч эхэлнэ.
“Мобиком” корпорацийн Voo app, “Шүүдэр продакшн”-ны хамтын бүтээл “Хотулун гүнж” түүхэн сэдэвтэй боловч тулаант, туульсын төрлийн бүтээл юм. Таван жил үргэлжилсэн хугацаа, дөрвөн аймгийн нутагт дөрвөн улирал дамнасан зураг авалт, зардал төсвийн хэмжээний хувьд ч ойрын үеийн хамгийн хүлээлт үүсгэсэн кино болж байна.
Хотулун гүнжийн дүрийг Цэдо нэрээрээ танигдсан, ОХУ-д Театр, урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн М.Цэрэндолгор бүтээсэн бол сэтгэлт залуу Абатайд Б.Баттогтох тоглосон байна. Киноны онцлох гол зүйл нь тулаан. Хад, элс, гол, тал, хөндийн дээрх морьтой явган найман удаагийн томоохон тулаан байлдаан өрнөдөг. Тулааны найруулагчаар олон улсын хэмжээний мастер, СТА Аска буюу Д.Цэендаш ажилласан бол тулааны зураглаач нь Солонгост мэргэжлийн сургууль дүүргэж ирсэн, Уолт Диснейн “Мулан” кинонд алдарт Жет Ли-гийн орлон тоглогчоор оролцсон А.Лхагвасүрэн. Чөлөөт бөхийн дэлхийн аварга, МУГТ П.Орхон барилдааны хэсэгт гүнжийг орлон тогложээ.
Ерөнхий найруулагч залуу найруулагч С.Баасанжаргал ажилласан байна. Киног Б.Шүүдэрцэцэгийн “Хотол цагаан гүнж” романаас сэдэвлэсэн боловч киноны үйл явдал, өрнөл нь ихээхэн ялгаатай гэж кино бүтээгчид хэлж байна. Персийн түүхч Рашид Аддины “Судрын чуулган”, Марко Пологийн “Ертөнцийн сонин хачин” зэрэг түүхэн сурвалжид Хотол цагаан хэмээн алдаршсан Сарангэрэлт гүнжийг гоо үзэсгэлэнтэй, хүч чадалтай, дайсны өөдөөс харцага шонхор мэт довтлон ордог, алтан ургийн гүнж боловч өөрийн хайр сэтгэлээр эгэл харц эртэй гэрлэсэн тухай сонирхолтой мэдээ баримтууд үлджээ.
Хотулуны эцэг Хайду хаан Хятад ёсонд урвалаа гэж Хубилайн эсрэг насан туршдаа хүч тэнцвэргүй тэмцэл өрнүүлсэн хүн юм.