"Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-өөс зохион байгуулсан "Монголын нийгмийн давхраажил: хөгжил, төлөвшил" чуулганы үеэр Үндэсний статистикийн хорооноос нийгмийн статистикийн үзүүлэлтүүдийг танилцууллаа.
Тус үзүүлэлтээр ҮСХ-ны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл илтгэл тавьсан бөгөөд хот, хөдөөд амьдарч буй хүүхдүүдийн өсөлт, боловсрол эзэмшилтийн талаар онцоллоо. Тухайлбал, 2000 онд өсөлтийн хоцролттой хүүхдийн эзлэх хувь 24.6 байсан бол 2018 онд 9.4 болж буурчээ. Үүнийг байршлаар авч үзэхэд ялгаатай үр дүн гарсан байна.
Улаанбаатар хотын орон сууцанд амьдардаг өрхийн хүүхдийн дундаж өсөлтийн хоцролтын хувь гэр хороололд амьдардаг хүүхдүүдийнхтэй харьцуулахад хоёр дахин их байгааг ҮСХ-ны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл илтгэлдээ онцлов.
График 1, Өсөлтийн хоцролттой хүүхдийн эзлэх хувь, хүйсээр, байршлаар, НҮТС, 2018 он
Мөн анги ахих тусам хөвгүүдийн сургуульд хамрагдах хувь болон боловсрол эзэмшилтийн хувь буурч байгаа юм. 6-10 насныхны сургуульд суралцаж буй хувийг хүйсээр ангилбал хөвгүүд 95.1 байгаа бол охид 97 байна. Харин 15-17 насны хүүхдийн ахлах ангид суралцах хувь 82.4-91 байгаа ч бүрэн дунд боловсрол эзэмшилт охид 75, хөвгүүд 65.9 байгаа аж.
График 2, Боловсролын байгууллагад хамрагдалт болон боловсрол эзэмшилтийн хувь
Түүнчлэн 2018 онд 7-14 настнуудын унших болон бодох суурь чадварыг шалгахдаа хоёрдугаар ангийн түвшний 67 үг бүхий эхийг уншуулж, эхтэй холбоотой гурван асуулт, учир шалтгааныг тодруулсан хоёр асуулт асуусан байна. Бодох суурь чадварыг шалгахдаа хоёрдугаар ангийн түвшний тоо таних, жиших, нэмэх үйлдэл, зүй тогтлыг зөв тодорхойлох дасгалуудыг хийлгэжээ.
Ингэхэд судалгаанд хамрагдсан нийслэлийн сурагчдын 44 хувь нь тоо бодох суурь чадварын дасгалуудыг зөв хийсэн бол аймгийн төвийн хүүхдүүдийн 61 хувь нь зөв хариулсан байна. Мөн унших суурь чадвараараа хотын сурагчдаас аймгийн төв, сумын төвийн хүүхдүүд илүү байгааг доор графикаас харж болохоор байна.