Монгол, Оросын Засгийн газрын комиссын хуралдаанаар төмөр замын тарифыг 2025 он хүртэл үе шаттай шинэчлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан уг хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.
Тэрбээр, “Энэ хурал жил бүр болж, хоёр орны хамтын ажиллагаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх ажлаа хэлэлцдэг. Энэ удаагийн хурлаар ирэх сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлал, өнгөрсөн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн ажлын хэрэгжилтийг дүгнэж, ирээдүйн зорилтоо хэлэлцлээ. Нэгдүгээрт, Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд ДЦС-3-ыг өргөтгөх талаар хэлэлцлээ. Энэ талаар хамтарсан ТЭЗҮ-ийг хийж дууссан бөгөөд ирэх жил эхлүүлэхээр төлөвлөж байна. Хоёрдугаарт, төмөр замын салбарыг хөгжүүлэх, ачаа эргэлтийг нэмэх талаар ярилцлаа. Энэ дотор тарифын асуудлыг хөндөж, 2025 он хүртэл үе шаттай шинэчлэх боллоо. Ингэснээр төмөр зам хүчин чадлаа нэмэх, аюулгүй байдлаа хангах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Гуравдугаарт, газрын тосны бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллана. Ялангуяа, газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах, шинэ нисэх буудлын шатахуун нийлүүлэх талаар хэлэлцлээ. Түүнчлэн хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт хамтран ажиллах, Хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх талаар ярилцлаа” гэв.
Энэ үеэр сэтгүүлчид Эгийн голд УЦС барих төслийг хэрэгжүүлэх эсэх талаар тодруулахад, “Монгол Улс бусад оронтой эдийн засгийн харилцан өгөөжтэй хамтран ажиллах бодлого баримталж ирсэн. Энэ хүрээнд Эгийн голын УЦС болон бусад эрчим хүчний төслийн талаар өргөн хүрээнд хэлэлцсэн. Хил орчмын гол горхины урсцыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх үүднээс улс орнууд байр сууриа илэрхийлдэг. Энэ хүрээнд ОХУ-аас уг төсөл байгаль орчинд сөрөг нөлөөтэй байж болзошгүй учраас оролцох эсэхээ шууд хэлэх боломжгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Тиймээс манай улс энэ төсөл байгаль орчинд хэрхэн нөлөөлөх вэ, хил орчмын гол горхийг хамгаалах боломжийг хамтран судлах байр суурь илэрхийлж байгаа. Үл ойлголцсон ноцтой асуудал байхгүй. Эгийн голын УЦС-ын төслийг зогсоох талаар яриагүй” гэлээ.
Түүнчлэн хил нээх асуудал хойшилсон эсэхийг тодруулахад, “Хил нээх асуудал хойшилсон шийдвэр Монгол Улс болоод БНХАУ-ын талаас гараагүй. Хэрэв ийм асуудал гарсан бол ГХЯ, ЭСЯ-аар дамжуулах албан ёсоор мэдээллээ ирүүлэх зарчимтай. Өнөөдрийн байдлаар Замын-Үүдэд автомашин нэвтрэхэд тодорхой хязгаартай байгаа. Харин төмөр замын тээвэр хэвийн байна. Эрээнд халдварын нөхцөл байдал хяналтад байгаа тул авто тээврээ нээхээр БНХАУ-тай тохирсон. Монгол, Хятадын хилийн тэг цэгт ачаа солилцох энэ тохиролцоо гурав хоногийн дараа хэрэгжиж эхэлнэ. Хил орчмын хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах ажлын баг ажиллаж байгаа” хэмээв.