ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко саяхан манай улсад айлчилсан. Энэхүү айлчлалын үеэр Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдааныг зохион байгуулсан юм. Тус хуралдааны үр дүнгийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "ОХУ-ын талтай Монгол Улсын Ерөнхийлөгчийн арванхоёрдугаар сард тус улсад хийх айлчлалын бэлтгэлийг хангах, ирээдүйд хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар ярилцсан. Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийг ОХУ-тай хамтран хийхээр ажиллаж байгаа. Энэ ажлын бүтээн байгуулалт ирэх жил эхэлнэ. Мөн 2025 он хүртэл төмөр замын тарифыг шинэчлэх ажил хийхээр тохиролцсон. Түүнчлэн ОХУ-аас онгоцны түлш нийлүүлэх, байгаль орчин экологи, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар ярилцсан" гэв.
Түүнчлэн Шадар сайд Замын-Үүдийн хилийн боомтын үйл ажиллагааг хэзээнээс хэвийн горимд шилжүүлэх боломжтой эсэх талаар "БНХАУ-ын талтай тохиролцсоноор авто тээврийн татан авалтуудаа эхлүүлэхээр болсон. Гурав хоногийн дараагаас эхлээд авто замаар бараа бүтээгдэхүүн тээвэрлэх ажил хэвийн болно. Хоёр улсын хилийн 0 цэг дээр ачаа бараагаа чингэлэг тээврээр солилцоно. Хүний оролцоо багатайгаар, чингэлэг тээврээр бараа бүтээгдэхүүнээ авч эхэлснээр эргэлт нь нэмэгдэнэ гэж тооцож байгаа. Өмнө нь жолооч нараа хил нэвтрүүлээд дараа нь тусгаарладаг байсан" гэлээ.