Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар бүрэн зайны сургалтад шилжсэн сургууль, цэцэрлэг байхгүй гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээлэв. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар цэцэрлэгийн 16 бүлэг зайны сургалтад шилжсэн байна.
Энэ талаар тус газрын Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд 15 хүүхэд, 45 багш ажилтан Covid-19 халдвараар өвдсөн байна. Сургуулийн тухайд 55 бүлэг зайны сургалтад шилжиж, 150 хүүхэд, 11 ажилтан, 45 багш халдвар авсан гэх мэдээлэл байна. Энэ тоо долоо хоног ирэх тусам буурч байна.
Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн багш, ажилчдын 70 хувь, ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдын 64.6 хувь нь гуравдугаар тунд хамрагдсан. Мөн 12-17 насны хүүхдүүдийн 80 хувийг бүрэн дархлаажуулаад байна” гэлээ.
Энэ хичээлийн жилд нийслэлд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 280 сургуульд 331.560 хүүхэд суралцаж байгаа юм. Үүнээс нэгдүгээр ангид 38.842 сурагч суралцаж байна.