Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл хийхдээ нийслэл хот арванхоёрдугаар сарын 15-аас "Шар" бүсэд шилжинэ гэж мэдэгдлээ.
Тэрбээр “Нийслэлийн ирэх оны төсвийг хэлэлцэж байна. “Ковид 19”-ийн дараах эдийн засгийн сэргэлтийг дэмжих бодлого гарах гэж байгаатай уялдуулан нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй мянган аж ахуй нэгжид тулгамддаг асуудлуудыг шийдэхэд бид ажиллаж байна. Жишээлбэл, төрийн хүнд суртал, дарамт, бизнес хийх нөхцөлд саад учруулдаг байдлыг шийднэ.
Улаанбаатар хотын иргэд III тундаа идэвхтэй хамрагдаж байна. Өөрсдийгөө болон бусдыг хамгаалах, өвчин авсан ч хүндрэлгүй гарахын тулд нийслэлээс III тундаа хамрагдахыг уриалж байгаа. Төрийн захиргааны албан хаагчдыг захиргааны арга хэрэглэж шахаж байна. Гэхдээ төрийн захиргааны албан хаагчид манлайлж оролцох ёстой. III тун бол бидний дараа дараагийн ажлын үндэс суурь болно. "Шар" бүсэд арванхоёрдугаар сарын 15-нд шилжихээр зорьж байна. Өнөөдрийн байдлаар III тунгийн хамрагдалт зорилтот бүлгийн 30.6 хувь байна. Энэ үзүүлэлт 50 хувьд хүрвэл "Шар" бүс рүү шилжинэ Тиймээс III тундаа хамрагдах хэрэгтэй.
Бизнесийн орчныг арванхоёрдугаар сарын 15-аас хэвийн үйл ажиллагаанд шилжүүлэх, хүнд суртлыг арилгах бодлогыг нийслэлээс боловсруулж байна. Энэ ажлын хэсгийг Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ахлан ажиллаж байгаа. Бид богино хугацаанд хууль хэлэлцэхээс өмнө Их хурал, Засгийн газарт хүргүүлнэ” гэлээ.