Кето хоолыг бүсгүйчүүд турах зорилгоор ихэвчлэн иддэг. Тэгвэл кето хоол гэж чухам ямар хооллолт вэ? Турахад зориулсан хоол мөн эсэхийг мэргэжлийн эмчтэй ярилцаж тодрууллаа.
Кето хоолны дэглэмийг 14 хоног барьснаар 5-10 кг жин хасах боломжтой байдаг байна. Харин эсрэгээрээ кето хоолны дэглэмийг буруу барьснаар эрдсийн дутагдалд орох эрсдэлтэй аж.
Энэ талаар клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмчТ.Ариунцэцэг “Кето дэглэм гэдэг нь хоолныхоо нүүрс усыг хасахыг хэлж байгаа юм. Нүүрс усанд юу ордог вэ гэхээр цардууллаг болон чихэрлэг хоёр төрлийн хүнс ордог. Үүнд ихэвчлэн гурил, будаа, төмс, чихэр гээд газрын хөрсөн доор ургадаг ногоо болон нүүрс усны хэмжээ, агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн. Эдгээр бүтээгдэхүүнийг хоолноосоо хасаж, уураг, өөх тосоо зохистой хэмжээгээр иднэ гэсэн үг” гэв.
Хэрхэн жин хасдаг талаар тэрбээр үргэлжүүлэн нүүрс ус хасаад эхлэхээр цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэхгүй.Үүнийг дагаад инсулин даавар хэт ихээр ялгарахгүй. Тийм учраас бүсгүйчүүд маань тураад байгаа юм. Инсулин даавар нь өөрөө өөх хуримтлуулдаг даавар учраас таргалалт явагдаад байдаг. Тэгэхээр энэ үйл явцыг зогсоож өгч байна гэсэн үг. Хүмүүс зөвхөн нэг төрлийн хоол идсэнээсээ болоод эрдсийн дутагдалд ордог. Тийм болохоороо бөөр өвдөөд байна. Энэ хооллолт буруу хооллолт гэж ярьдаг нь үүнтэй холбоотой. Хүмүүсийн буруу ойлголтоос л үүдэлтэй гэж ярилаа.
Яагаад кето хоолыг буруу хэрэглэснээр эрдсийн дутагдалд ордог вэ?
Кето дэглэм гэхээр зөвхөн мах, ногоон ногоо идээр байх юм байна гэж ойлгоод байдаг. Зөвхөн байцаатай хуурга, шөл идээд байхаар тухайн хүн маань эрдэс, витамины дутагдалд орно. Цус багадалтад орох, эрдсүүд дутагдсанаас болоод үс унах, хумс хугарах ерөнхийдөө турж, ядарч эцэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Жишээлбэл нэг хүн хоолондоо алганы хэмжээтэй мах хэрэглэдэг. Ногоон төрлийн ногоогоо, самар, жимсгэнэ, цагаан идээнээс бяслаг, тослог ихтэй өрөм, зөөхий, цөцгий гээд тодорхой хэмжээгээр бүх төрлийн хүнсүүдээс хэрэглэж байж энэ нь эрүүл зөв хооллолт болно. Түүнээс биш зөвхөн нэг төрлийн хоолоор хооллоод байх юм бол кето хооллолт биш болдог.
Кето хооллолтод ургамлын тос хэрэглэдэггүй. Ургамлын тосоор өндөр температурт хоолыг шарж, хуурахад химийн задралд ороод хорт бодис үүсгэж байдаг. Тэгэхээр энэ хооллолт маань оливын тос юм уу монголчууд бидний гар дор байдаг цөцгийн тос, шар тос зэргээрээ хоолоо хуураад, амт оруулаад хэрэглэн идэж болно. Эхний 14 хоногтоо маш үр дүнтэй жингээ хасдаг. Яагаад гэвэл энэ нь биед байгаа илүүдэл шингэн, хаванг хөөж гадагшлуулдаг. Тухайн хүнийхээ биеийн онцлогоос хамаараад 5-10 кг жин хасдаг. Ингээд 14 хоногийн дараагаас тодорхой хэмжээгээр долоо хоногт 500 грамм юм уу жин хасаад эхэлдэг байгаа хэмээн зөвлөлөө.
Кето хоол нь зөвхөн турах хүсэлтэй хүмүүсийн иддэг хоол биш байх нь. Эрүүл, зөв хооллохыг хүссэн хүн бүрд нээлттэй. Мөн кето хооллосноор 1, 2 дугаар хэлбэрийн чихрийн шижин, жирэмсний чихрийн шижин, даралт ихсэлт, зүрхний өвчин, бодисын солилцооны хам шинж, таргалалт, эрт зөнөгрөл, тархины эмгэгүүд, ухаан санаа муудах, уналт таталт, үргүйдэл, өндгөвчний олон уйланхайжих хам шинж, ходоод гэдэсний замын хямрал, элэг өөхлөлт, цусны өөх тосны өөрчлөлт, харшил, хайрст үлд, бүр зарим төрлийн хавдрууд зэрэг олон өвчин эмчлэгддэг байна.