“Абу Даби-2021” Гранд Слам тэмцээний хоёр дахь өдөр “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сүлд спорт хорооны тамирчин Сүхбаатарын одонт ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар аваргын алтан медаль хүртлээ.
Түүнчлэн, Их дуулга тэмцээний сүүлийн өдөр Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл алтан медаль хүртсэнээр Монгол Улс багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ.
О.Цэцэнцэнгэл аваргын төлөө Гранд Слам ангилалын мөнгө, хүрэл медальт Румыний Владут Симионескуг 3:30 минутад мордох мэхээр цэвэр ялсанаар Гранд Слам ангилалд анхны алтан медалиа гардлаа. Ингэснээр тэрбээр дэлхийн чансаагаа 1000 оноогоор ахиулж топ 20-д дэвшихээр болоод байна.
Ц.Цогтбаатар өмнө нь “Их дуулга” ангилалд гурван удаа түрүүлсэн. Дөрөв дэх түрүүгээ Узбекистаны Х.Тураевийг ялснаар хүртэж, чансаагаа 1000 оноогоор ахиуллаа. Түүний жинг тэргүүлэгч олимпын иж бүрэн медальт Гүржийн домогт жүдоч Лаша Шавдатуашвили, ОХУ-ын залуу жүдоч Армен Агаяны хамт хүрэл медаль хүртлээ.
Харин -70 кг-ын жинд Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны залуу жүдоч Цэрэндуламын Энхчимэг Гранд Слам ангилалд анх удаа хүрэл медалийн төлөө өрсөлдөж, Их Британий Келли Петерсен Поллардтай барилдсан. Харамсалтай нь манай бөх торгуулиар ялагдсанаар тавдугаар байрт шалгарч, чансаагаа 360 оноогоор ахиуллаа.
Ингэснээр манай жүдо бөхийн Үндэсний шигшээ баг Абу Дабигийн Гранд Сламыг хоёр өдрийн дараа хоёр алт, гурван хүрэл медальтайгаар 41 орноос медалийн чанараар III-т бичигдэж байна.