Эхээс мэндлэхдээ ихэр төрж, амьдрах хувь заяаг нэг биеэрээ эдэлсэн Ц.Зэс-Эрдэнэтэй бид ярилцлаа. Тэрбээр, тархины саажилт өвчинтэй 20 гаруй жил тэмцэн, “өрөөл татанхай” гэж шоглуулан сэтгэлээр унаж, шантрах үе олон байсан тухайгаа ярилаа.
-Таны хувьд төрөлхийн тархины саажилт өвчтэй байсан уу?
– Би ээжийнхээ гэдсэнд хоёр ихэр байсан. Зургаан сартай дутуу төрсөн. Энкубаторт хүн болсон гэж манай ээж, аав хоёр хэлдэг. Миний өрөөсөн ихэр төрөхийн хүндрэлээс болоод эндсэн. Би өөрийгөө хорвоод амьдрах гэж л төрсөн гэж боддог. Манай аав ээж хоёр ярьдаг л даа. Анх миний бие их муу байдаг байсан юм билээ. Манай ихэр харин гайгүй байсан. Тэгээд л аав ээж хоёр, намайг бараг амьдрахгүй юм байна гээд бодсон гэсэн. Гэтэл эсрэгээрээ би амьдраад, нөгөө ихэр маань эндсэн.
-Ихэр байсан гэж бодохоор сайхан санагддаг уу? Өдийд хамт байсан бол гээд төсөөлж байв уу?
-Одоо байсан бол гоё л байсан байх. Бүх зүйлийг хамтдаа хийгээд, хамтдаа туулаад л. Гэхдээ тэгтлээ бодоод харамсаад байдаггүй.
-Та тархины саажилттай гэхээргүй харагддаг. Ингэхийн тулд маш их зүтгэл гаргасан байх?
-Манай аав, ээж хоёр намайг багаас минь огт хаяагүй. Хаана ямар сайн эмчилгээ, бариа засал байна тийшээ их дагуулж явдаг байсан. Би таван нас хүртлээ явж чаддаггүй, ярьж чаддаггүй байсан. Ээрүү, огт ярьж чаддаггүй байсан. Аав минь намайг өдөр шөнөгүй баридаг байлаа. Манай аав, эх барихын эмч. Дээр нь уламжлалт бариа заслын эмч. Намайг багаас минь өдөр шөнөгүй барьсаар байгаад, миний биеийг сайн болгож явж, ярьж чаддаг болгосон. Мөн би хэл, яриа заслын эмчилгээнд их явдаг байсан. Хэлэн дээрээ халбага тавиад их ярьдаг байлаа.
-Бага байхдаа энгийн цэцэрлэг сургуульд явсан гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Цэцэрлэгт орохоосоо эхлээд энгийн цэцэрлэг, сургуулиар явсан. Тухайн үед жаахан байсан болохоор өөрийгөө өвчтэй гэдгийг ч сайн мэдэхгүй. Би угаасаа л эрүүл гэж боддог байлаа. Эрүүл юм шиг өссөн болохоор л тэр шүү дээ.
-Асуудал гардаг байв уу?
-Энгийн хүүхдүүдтэй зэрэг цэцэрлэг, сургуульд орохоор өөрт эвгүй байсан. Хүүхдүүдийн хийж чаддаг юмыг би хийж чадахгүй болохоор өөрийгөө ухаарч ойлгож эхэлж байгаа юм. Хүүхдүүд их шоолдог байсан нь надад эмзэг тусдаг байлаа. Их л шоолдог байсан. Муу ярьдаг байсан болохоор тэр үед сэтгэл их эмзэг байсан байх. Хүүхдүүд “өрөөл татанхай” гэж их хэлдэг байсан. Би уйлаад ээж, аавдаа, эгч ахдаа хэлнэ гэдэг байлаа. Манай эгч, ах нар намайг өмөөрөөд сургууль дээр их очоод, “миний дүүг яагаад дээрэлхээд байгаа юм” гэдэг байж билээ.
Арван жилд ч ялгаагүй. Ангиасаа гарахаар нөгөө ангийн хүүхдүүд их шоолдог байсан. Коридорт явж байхад “өрөөл татанхай” гээд л дуудна. Тэгээд гэртээ уйлаад л очдог. Би өөртөө их итгэлгүй, аль болохоор нуугдаад ил гарахыг хүсдэггүй байсан. Тухайн үед сэтгэл санааны байдал тиймэрхүү байсан болохоор гэртээ ирээд аав ээждээ, “намайг яах гэж төрүүлсэн юм” гэж уурладаг. Хааяа гомдох үе байдаг л байлаа. Би яагаад заавал ингээд төрсөн юм гээд аав, ээждээ буруу өгөх үе зөндөө гарч байсан.
– Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ сайн ажилладаггүй эцэг эхчүүд нэлээн байдаг. Таны хувьд юу гэж боддог вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эцэг, эх нь их хаядаг юм билээ. Хараад байхад угаасаа л ийм гээд түүнийгээ хүлээн зөвшөөрчихсөн. Сайжруулъя гэж боддоггүй. Огт тэгж болохгүй шүү дээ. Улам сайжрахын тулд, сайхан болохын төлөө өдөр шөнөгүй л бүгд зүтгэх ёстой юм билээ. Манай эгч нар надтай энгийн харилцаатай байдаг байсан. Гэрээ цэвэрлээд, тоосоо соруул гэх мэтээр. Намайг аль болох өөрөөр нь хөгжүүлэх гээд ажил хийж сургах гэж шахдаг байсан. Тэр нь надад их нөлөөлсөн юм болов уу гэж боддог.
-Нийгэм дэх хандлагын тухай яривал? Таны хувьд шүү дээ?
-Бие муутай болохоор ч тэр юм уу, хүмүүс өрөвдсөн маягаар ханддаг л даа. “Ишшш чааваас даа, хөөрхий дөө” гэдэг ч юм уу. Тэр хандлага надад таалагддаггүй. Өөрөөсөө дор үзээд байгаа юм шиг санагдаад байдаг. Тэгэхээр хүн амнаасаа гаргаж байгаа үгээ ч гэсэн болгоомжтой хэлэх ёстой юм шиг байгаа юм. “Хөөрхий дөө, чааваас даа” гэж аль болох харьцаж болохгүй. Чин сэтгэлээсээ харьцаад явах нь чухал юм шиг санагдаад байгаа.
-Арван жил их сургуульд байхад нь асуудлууд их үүсдэг байсан байх. Яаж давж гарав?
-Надад том бэрхшээл гарч байсан. ЭЕШ өгөхөд шоглоом бөглөдөг шүү дээ. Би гар муутай болохоор шоглоомоо бөглөж чадахгүй байсан юм. Нүхнээсээ илүү гаргаад бөглөчихдөг. Өмнө нь их дадлага сургуулилт хийсэн ч гэсэн нэмэр болоогүй. Энэ миний хувьд их хэцүү асуудлуудын нэг. Будах гэж хамаг хөлс урсаж байлаа. Гэхдээ ЭЕШ-аа амжилттай өгч, их сургуульд орсон.
Би ШУТИС-ийг Хэл шинжлэлийн магистр зэрэгтэй төгссөн. Бакалавраа төгсөөд ажил хайсан юм. Ажил хайгаад явахдаа 2-3 байгууллагад ярилцлага өгсөн. Надад яг юу гэж хэлсэн бэ гэхээр, манайх хөгжлийн бэрхшээлтэй иргэн авах боломжгүй ээ, эсвэл мэргэжлээрээ хоёроос дээш жил ажилласан байх ёстой. Магистрт сурсан байх ёстой ч гэдэг юм уу, миний биелүүлээгүй зүйлүүдийг шаарддаг байсан. Би тухайн үед магистрт сурах ёстой юм байна. Мэргэжлээ дээшлүүлэх ёстой юм байна. Би яагаад чадахгүй гэж бодоод магистрт сурч эхэлсэн. Ээж, ааваасаа мөнгө авахгүйгээр өөрөө магистрын төлбөрөө төлсөн. Анх дөрөвдүгээр курст байхдаа өөрийн Зэс брэндээ үүсгэн байгуулж байсан.
-Таныг үзэж, уншиж байгаа хүмүүст хандаж юу хэлмээр байна?
-Хүмүүс нэгэнтэйгээ ижил тэгш харьцаасай гэж хүсэж байна. Биенээ их ялгаварлаж харьцдаг шүү дээ. Гадаад үзэмж, эд хөрөнгөөр нь. Тийм биш байгаасаа гэж хүсэж байна. Хүнийг хүн гэсэн утгаар нь хүлээж. Мөн өөрийгөө голж болохгүй. Урдаа тавьсан зорилгынхоо төлөө тууштай тэмцэх хэрэгтэй шүү гэдгийг хэлмээр байна.