Монголын анхны энтертайнмент гудамж “Misheel walking street”-д байрлах “Нью Йорк стрийт” рестораны маркетингийн менежер Ө.Үлэмжтөгстэй шинэ жилийн хүлээн авалтын шинэлэг хөтөлбөр, шинэ хандлагын талаар ярилцлаа.
Улсын Онцгой Комиссын шийдвэрээр Төрийн байгууллагын албан хаагчдаас бусад хувийн хэвшлийн байгууллагуудыг шинэ жилийн хүлээн авалт зохион байгуулахыг зөвшөөрлөө. Ингэхдээ тодорхой мөрдөгдөх дүрэм журмыг баримтлах болзлыг ресторан, зоогийн газрын удирдлагуудтай байгуулсан хариуцлагын гэрээнд тусгасан. Энэ нь та бүхний үйл ажиллагаанд ямар өөрчлөлт авчирч байна вэ?
Шинэ жилийн баярыг албан байгууллага, хамт олноороо тэмдэглэх зөвшөөрлийг УОК-оос гаргасан явдалд талархалтай байна. Энэ шийдвэр дан ганц зочлох үйлчилгээний салбарынханд ашигтай шийдвэр гэхээс илүүтэй дотоодын хүнсний үйлдвэрүүд, хүнсний бүтээгдэхүүний худалдаа эрхлэгчид, бэлэн хувцасны лангуу, дэлгүүрүүд, оёдлын газрууд, үсчин, гоо сайхны салонууд, урлаг соёлынхон гээд нийгмийн бүхий л салбарынхныг орлоготой болгох, худалдаа үйлчилгээгээр дамжуулан эдийн засаг эргэлтэд орох сайн талтай гэж харж байна. Мэдээжийн хэрэг зочлох үйлчилгээний салбарынхан УОК, НОК-оос тогтоосон дүрэм журмыг баримтлан вакцины гурав дахь тундаа хамрагдсан иргэдэд танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр цар тахлын үеийн дагалдах бусад журмаа баримтлан ажиллана. Энэ нь бидний хэвийн ажиллах үйл ажиллагаанд саад болохгүй. Харин ч цар тахлын үеийн нөхцөл байдалд уялдуулсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг олгож байна.
Тэгвэл танай “NewYork street” ресторан шинэ жилийн хүлээн авалтын ямар шинэ үйлчилгээг санал болгож байгаа вэ?
Мишээл энтертайнмент гудамжныхаа төв тайз, дэлгэцнийхээ дэргэд анхны гудамжны энтертайнмент шинэ жилийн хүлээн авалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган, захиалгаа аван ажиллаж байна. Нэг зүйл тодруулахад гудамж гэхээр тэс хүйтэн орчин төсөөлөгдөж магадгүй. Тийм биш юм вавилон доторхи 18 градусын дулаантай задгай орчинд зохион байгуулах тусгай сэдэвчилсэн хөтөлбөр, дресс код бүхий хүлээн авалт юм. Гэрэлтүүлэг тохижилт сайтай цэвэр цэмцгэр гудамж бол их хотын салшгүй нэг хэсэг. Үүн дээр нэмэгдээд стрийт арт буюу гудамжны урлаг, уран бүтээлчид орчин үеийн хотын салшгүй нэг хэсэг шүү дээ. Тийм л орчин, энтертайнмент хөтөлбөрийг бид меню үйлчилгээндээ нэвтрүүлсэн.
Үйлчлүүлэгчид ийм шинэ жилийн хүлээн авалтыг сонирхоно гэж үү? Ямар ч бүсгүй хүн үсээ гоё засуулж, нүүрээ гоё будуулж, бүтэн жил төлөвлөсөн гоёлын даашинзаа өмсөж баярлахыг хүсдэг шүү дээ? Гадаа гудамжинд нимгэн даашинз, шаахаатай удаан суух тохиромжгүй шүү дээ?
Яг зөв. Ийм хэвшмэл хандлагаас хүмүүс зайлсхийдэг болж байна. Нөгөө л ананастай тахиа, аннонстой зураг, дөрөвхөн цагийн арга хэмжээнд зориулсан хэт өндөр зардал, нэг хэвийн хүлээн авалтын хөтөлбөр үйлчлүүлэгчдийг залхаах болжээ. Тиймээс бид зүгээр өвлийн өдөр тутмын биед эвтэйхэн цаа буга, цасан ширхэгийн зурагтай ноосон цамц, өнгөлөг ороолт өмсөөд л баярлах боломжийг санал болгож байгаа юм. Энтертайнмент хөтөлбөрийн хувьд амьд цаа бугатай Санта Клаус, жазз дуучин, саксофонч, амьд хөгжмийн хамтлаг, циркийн үзүүлбэрүүдтэй жинхэнэ “Street art” хөтөлбөр байна.
Мэдээжийн хэрэг рестораны дотор танхимд биш задгай талбайд хүлээн авалт авч байгаа учраас менюний үнэ харьцангуй хямд боловч үйлчилгээ хоолны чанар нь мэргэжлийн түвшинд байхыг амлаж байна.
Задгай орчинд шинэ жил хийхийн нэг сайн тал нь цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхөд илүү тохиромжтой гэж ойлгогдлоо?
Тэгэлгүй яахав. Агаар сэлгэлт сайтай задгай орчинд халдвар тархах магадлал бага гэдэг нь батлагдсан шүү дээ. Нөгөө талаар орон зай чөлөөтэй задгай орчинд хүн хоорондын зайг зохицуулах бүрэн боломжтой. Энэ тал дээр манай үйлчилгээний менежерүүд, үйлчилгээний ажилчид онцгой анхааран ажиллаж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийнэ.
Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье!
Баярлалаа. Та бүхэн шинэ жилийн баяраа мартагдашгүй сайхан тэмдэглээрэй.