Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт анх бүртгэгдээд байсан. Өнөөдрийн байдлаар 12 аймгийн 47 сум, 89 голомтод хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлж байна. Харин 58 сум, 104 голомтын хорио цээрийн дэглэмийг цуцалжээ.
Иймд малчдыг үхэртээ өдөр бүр тандалт хийж, сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэхийг орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас анхааруулжээ. Малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор халдвар бүртгэгдсэн аймаг, сумын Засаг даргын захирамжаар отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна. Мөн өвлийн идэш бэлтгэх үе учир аймгаас орж ирж буй махыг заавал гарал үүслийн бичигт үндэслэж товчоодоор нэвтрүүлж байгаа юм байна.Дорнод аймгийн Чулуунхороот суманд олон улсын хорио цээрт үхрийн арьс товруутах өвчний хамгийн эхний тохиолдол гарсан. Энэ малын гоц халдварт өвчний тохиолдол өмнө нь Монголд бүртгэгдэж байгаагүй гэдгээрээ онцлог. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр ОХУ, Хятад улсад бүртгэгдсэн байна.
Тус өвчин нь хил дамнан халдварладаг, малын гоц халдварт, олон улсын худалдааны хөл хориотой өвчин юм.