Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжиг өнөөдөр үзэгчдийн хүртээл болно.
“Орфей" театрын анхны уран бүтээл болох “Гэм зэм”-ийг яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлж, ОХУ-ын ГИТИС-ийг дүүргэсэн М.Батболд найруулж буй.
Найруулагч М.Батболд өмнө нь Германы суут зохиолч В.И.Гётегийн “Фауст” жүжгийг Монголд анхлан тавьж байсан билээ. Тэрээр шинэ жүжгийнхээ талаар “Би сэтгэцийн эмч мэргэжлээр суралцаж байсан. Тиймээс “Гэм зэм” роман надаар дамжиж хүмүүст хүрэх нь илүү тохиромжтой байх гэж бодсон. Мөн Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романы үйл явдал, утга санаа өнөөдрийн цаг үетэй яг нийцэж байгаа юм. Түүнчлэн энэ жүжиг постдрам хэлбэрээр үзэгчдэд хүрнэ” гэж мэдээлсэн юм.
Жүжгийн гол дүр буюу Росколниковд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Лхагва тоглох бол тайз, дэлгэцийн гурван үеийн шилмэлүүд уг жүжгээр тайзнаа эргэн нэгдэж байна.
“Гэм зэм” романыг жүжгийн зохиолд хөрвүүлнэ гэдэг шаггүй ажил. Энэ хүндтэй хийгээд хүндхэн ажлыг “нугалж”, Монголын үзэгчдэд Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романыг тайзнаас харах боломж олгож буй эрхмүүдийн нэг бол яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа юм. Тэрээр жүжгийн зохиолын талаар “Гэм зэм жүжгийн ажил нэг жилийн турш өрнөөд одоо бариандаа орох гэж байна. Найруулагч М.Батболдын тавьсан саналд би их талархалтай хандсан. Учир нь дэлхийн утга зохиол, соёлын түүхэнд үлдсэн дээд хэмжээний цөөхөн зохиолчийн нэг нь Ф.М.Достоевский. Түүний зохиолыг жүжиг болгож хувиргах хүндэтгэл, шалгуур, хувь тавилан зохиолч болгонд ноогдохгүй. Энэ жүжгийн зохиолд Ф.М.Достоевскийн романы охь шим, философи үзэл санаа, өрнөл тайллыг бүрэн тусгахын эрмэлзсэн” гэсэн юм.