Сурталчилгаа
Монгол улсын хэмжээнд 11 мянган гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүд зориулж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Хамтдаа инээмсэглэе" тусгай хөтөлбөрийг зохион байгуулж байгаа. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд Найрамдал зусланд очиж сэргээн засах эмчилгээ болон сэтгэл заслын үйлчилгээ авах боломжтой юм байна.
Энэ талаар ГБХЗХГ-ын гэр бүлийн бодлого хэрэгжилтийн газрын дарга Н.Өлзийхутаг "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвтэй хамтраад энэ жилийн арга хэмжээг зохион байгуулж байна. Тусгай хэрэгцээт боловсролын багш нар очиж эцэг эхчүүдэд хүүхдийн хөдөлгөөн, хэл засал мөн сэтгэл зүйч нар очиж сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. Мөн тусгай хэрэгцээт боловсролын багш нар хүүхдийн үнэлгээ хийх зорилготой байгаа. Үнэлгээ хийснээр гэрийн нөхцөлд хүүхдээ хэрхэн асрах вэ, хөдөлгөөн заслыг яаж хэрхэн хийх вэ гэдэг талаас нь эцэг эхчүүд тусгай, мэргэжлийн багш нар зөвлөгөө өгдөг. Нарийн мэргэжлийн эмч очиж байгаа. Хүүхдүүдийг үзлэгт хамруулж, эрүүл мэндийн талаас нь эцэг эхчүүдэд хооллолт болон асаргаа сувилгааны талаар зөвлөгөө өгдөг ийм үр дүнтэй ач холбогдолтой арга хэмжээ юм" гэж хэллээ.
"Хамтдаа инээмсэглэе" хөтөлбөр дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Энэ сарын 24-ээс 29-ны хооронд тав хоногийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөжээ. Ковид 19 цар тахалтай холбоотойгоор хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдийн тоог багасгаж 50 хүүхдийг асран хамгаалагчийн хамт өнөөдөр Найрамдал зуслан руу хүргэсэн байна.