Сурталчилгаа
Удахгүй 16 нас хүрэх гэж буй хүүхдүүддээ зориулаад Иргэний андгай өргөх ёслолыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар 19 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэ талаар ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ "Иргэний андгай өргөх ёслол 11 сарын 26-ны өдөр 40 гаруй мянган 16 настнуудын төлөөлөл 400 гаруй хүүхдүүд Төрийн ордонд уулзана. Тухайн хүүхдүүдээ бид иргэний үнэмлэх гардуулах, мөн дээрээс нь эх оронч үзэл, мэргэжил сонголттой холбоотойгоор сургалт мэдээлэл өгөх арга хэмжээ хийнэ.
Энэ хүрээнд бид 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын хэмжээнд Засаг дарга нар маань 16 настнуудаа хүлээн авч, тэдэнд иргэний үнэмлэх олгох арга хэмжээг давхар зохион байгуулахаар төлөвлөж байгаа. 11 сарын 25-ны өдөр бид ЕБС, мэргэжил сургалт үйлдвэрийн сургуулиудын хичээл эхлэхээс өмнө төрийн дууллаа эгшиглүүлж, энэ өдөрт хүндэтгэл үзүүлж энэ ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ жилийн онцлог нь бид залуучуудаа сар болгон нэг цагийг сайн дурын ажилд зарцуулъя гэдэг уриатайгаар явуулж байгаагаараа онцлог" гэлээ. Энэхүү арга хэмжээг Монголын залуучуудын холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм.
"Түүх соёлоо хүндэлж дээдэлдэг, соёлч боловсон, эх орноо хүндэлдэг иргэдийг бий болгоход энэ үйл ажиллагаа чиглэсэн. Иргэний андгай өргөснөөр тухайн хүүхдүүд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, эх орондоо эргээд хэрэгтэй нэгэн байх ёстой юм байна гэсэн сэдэл хүргэдгээрээ энэ андгай өргөх ёслол маань ач холбогдолтой" гэж МЗХ-ын удирдах хорооны гишүүн Б.Намуун ярив.