“Богд Зонхова”-ийн хөшөөг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Тасганы овоонд барих 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөгийг УИХ баталсан асуудал сүүлийн өдрүүдэд олны эгдүүцлийг хүргээд байна. Нэгэнт УИХ-аас баталсан энэ төслийн төсвийг санаачилсан гэх гишүүд нь мэдэхгүй хэмээж, Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүд нь ч мэдээгүй өнгөрсөн байна гэцгээж, Сангийн сайд, Соёлын сайд нар нь ч “хэн ч юм Богд Зонховын барилгыг барих тендерийг эхлүүлчихсэн, төсөв нь 27 тэрбумаар өссөн байсан” гэж мэдэгдэцгээсэн юм.
Харин өчигдөр буюу 2021.11.24-нд Соёлын дэд сайд М.Батбаяр гэгч мөн л мэдэхгүй гэж жүжиглэж буй бусад төрийн түшээдийнхээ эгнээнд нэгдэв. Тэд МЭДЭХГҮЙ хэмээх үг мянган үгний таглаа гэх уриан дор эв санаагаа нэгтгэж буй бололтой.
Соёлын дэд сайд М.Батбаяр: “2021 оны улсын төсвийг хэлэлцэх үед Богд Зонхов төслийг Соёлын яамнаас оруулаагүй. Энэ цогцолборыг барихад улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй. Жил бүрийн улсын төсвийг урьд жилийнх нь арваннэгдүгээр сард баталдаг. 2020 оны арваннэгдүгээр сард УИХ-аар хэлэлцэх шатанд гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд энэ төслийг хэрэгжүүлэх санал орж ирсэн. Ингэснээр 2021 оны Соёлын яамны төсөвт нэмж суулгаж тухайн үедээ уг цогцолборын нийт өртгийг 5.5 тэрбумаар тооцож, 2021 оны санхүүжилт нь 1.5 тэрбумаар тусгасан. Ингэснээр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд заасны дагуу Соёлын яам түүх шашин, соёлын Богд Зонхова төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын төсөв эдийн засгийн тооцоо, зураг төсөл хуульд заасан бусад зөвшөөрлийг бүрдүүлэх шаардлагатай болсон. Соёлын яам энэ асуудлыг төсөвт анхнаас нь суулгаагүй учраас 5.5 тэрбумыг тухайн үед яаж тооцсоныг бид мэдэхгүй” гэв.
Соёлын дэд сайд М.Батбаяр бусад шигээ худлаа ярьсныг батлах баримтууд!
Уншигч та Засгийн газрын УИХ-д өргөн барьсан төсвийн төслийг харж байна. Энэхүү төсвийн төслийг Засгийн газрыг төлөөлж, Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм.
Сангийн яамны УИХ-д өргөн барьсан 280 хуудас бүхий төсвийн төсөлд бурхны хөшөөний төсвийг 67-р хуудаст тусган бичжээ. Өөрөөр хэлбэл СОЁЛЫН ЯАМНЫ 2022 онд хийж, хэрэгжүүлэх ажлын жагсаалтад БОГД ЗОНХОВА-ийн хөшөөний төсөв орсон байгаа юм. Жагсаалтад Түүх шашны соёлыг дэлгэрүүлэх төв "Богд Зонхова" /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Тасганы овоо/ 2021 онд төслийг эхлүүлээд 2023 онд дуусгана, хөшөөний барилгыг 32,490.8 тэрбумаар барьж, 10,000.0 төгрөгийг 2022 онд суулгуулахаар төсөвт тусгажээ.
МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2022 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ
Энэхүү төсвийн төслүүдийн жагсаалт 44-р хуудаснаас эхэлж байгаа ба энэ гарчгаар БУРХНЫ ХӨШӨӨГ улсын төсвөөр санхүүжүүлэх нь тодорхой харагдаж байна.
Ийнхүү өөрийнхөө өргөн барьсан төсвийн төслийг САНГИЙН САЙД НЬ Ч МЭДЭХГҮЙ, Соёлын сайд нь ч мэдэхгүй, Соёлын дэд сайд нь ч мэдэхгүй болж таарав. Эсвэл БОГД ЗОНХОВА ид шидээр өөрийнхөө хөшөөний төсвийн төслийг Засгийн газраар хийлгээд УИХ-аар батлуулсан болж л таарлаа.