Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинд хамрагдалт 50 хувьд хүрсэн тохиолдолд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 100 хувь танхимын сургалтад шилжүүлнэ гэдгийг мэдэгджээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "БНХАУ-д дельта вирусний давлагаанаас сэргийлж гурав дахь тун вакциныг идэвхтэй хийж байна. Израиль улс нийт хүн амынхаа 30 хувийг гурав дахь тунд хамруулснаар 60-аас дээш насны хүмүүсийн халдвар авах эрсдэл буурсан зэрэг давуу тал гарчээ. Их Британи улс хүн амын 20 хувийг хамруулснаар халдварын тохиолдол буурсан үзүүлэлт гарч байна.
Манай улсын нийт хүн амын 28 хувь нь гурав дахь тунд хамрагдаад байна. Хэрэв энэ тунд хамрагдалт 50 хувьд хүрвэл хичээл, сургуулийн үйл ажиллагааг 100 хувьд танхимд шилжүүлэх боломж бүрдэнэ. Мөн 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт явуулах боломж бүрдэнэ гэж найдаж байгаа. Тийм учраас ард, иргэд гурав дахь тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Ирэх арванхоёрдугаар сард гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрнэ гэж тооцоолж байгаа" хэмээн мэдээллээ.