Өнгөрсөн даваа гарагаас түүх шашны соёлыг дэлгэрүүлэх төв “Богд Зонхова”-ийн барилгын ажлын төсөв олны анхаарлын төвд орж, иргэд цахим орчинд шүүмжилж буй. Учир нь 32 тэрбум төгрөгөөр хөшөө барих биш улс оронд нэн шаардлагатай байгаа өөр зүйлсэд мөнгийг нь зориулах шаардлагатай гэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан бид Төвд судлаач Гончигийн Ням-Очироос хөшөө барина гэх энэ асуудалд ямар байр суурьтай байгаа талаар ярилцлаа.
-Богд Зонховын хөшөөг 32 тэрбумаар барихаар яригдаж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Миний хувьд үүнийг бурхны шашны нэр барьсан луйвар гэж бодож байна. Манай Засгийн Газар чухал ажлуудаа эрэмбэлдэг бол, ялангуяа соёлын салбарт Богд Хааны ордон музейг засварлах хэрэгтэй шүү дээ. Одоо яригдаад байгаа хөшөөн дээр эрх баригчид цэвэр шунахайн сэдлээр луйвар хийж байна гэж үзнэ. Аливаа ажлыг эрэмбэлж онц чухал зүйлийг эхэлж хийх ёстой. Гэтэл цар тахлын хүнд хэцүү цагт, цаг үеэ олоогүй ийм шийдвэр гаргах нь буруу. Татвар төлөгчдийн мөнгөөр босгоно гэж байгаа шүү дээ. Тиймээс ядаж л тэдгээр татвар төлөгчид сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол өөр хэрэг. Энэ бол эрх баригчид давуу талаа ашиглан хийж байгаа луйвар.
-Хөшөө барих, бусдад бэлэг сэлт өгч өргөл өргөхөөр хүний нүгэл цайрна гэж байдаг уу?
-Үйлийн үрийг үүрч бардаг гэдэг. Суварга шүтээн босгоно гэдэг олон хүний итгэл бишрэл, сүжиг, үнэхээр босгоё гэсэн хүслээр болдог зүйл. Тэгэхээр манай бурангуй түшээд бол хүмүүсийн уур хилэнг хөдөлгөж нүгэл болохоор зүйл хийгээд байна. Энэ бол санаачлага гаргаад буй гишүүдийн хувьд яав ч буян болохгүй. Харин ч нүгэл нь улам хүндрэх болов уу гэж бодож байна.
-Манайхан шашныг хэлбэрдэж шүтээд мухар сүсэг болгоод байх шиг харагддаг. Ингэж хөшөө барина гэх мэтчилэн хэлбэрдэхээр бурхан баярладаг юм уу? Яагаад их хэмжээний мөнгө төсөвлөн байж хөшөө барих гээд байдаг юм бол оо?
-Бурхны шашин шүтдэг бол үүний эсрэг сөрөг PR хийж болохгүй шүү дээ. Тун удахгүй бид Богд Зонховын нирваан дүрийг үзүүлсэн баяр буюу зулын 25-ны өдрийг тэмдэглэнэ. Монголын ард түмэн энэ баярыг тэмдэглэдгээрээ л тэмдэглэнэ. Энэ бол тогтоц болсон шашны баяр. Харанхуй орчлонг гэрэлтэй болтол нь зул өргөнө гэсэн ийм учиртай юм. Тэгэхээр хэл ам дагуулсан хөшөө барина гээд мугуйлан зүтгэх нь бурхны шашинд сөрөг сурталчилгаа болно.
-Та манай уншигчдад Богд Зонхов гэж хэн болохыг хэлээд өгөхгүй юу?
-Юун түрүүн тэрбээр Монгол хүнээс мэндэлсэн бодит хүн. Буддын шашныг шинэтгэгч, гэлүгбагийн ёсыг үндэслэгч Богд Зонхов нь 1357 онд Төвдийн Амдо мужид, Хөх нуурын "Зонх " хэмээх нэртэй газар Монгол эцэг, Төвд ээжийн хүү болон мэндэлсэн юм. Тэрбээр төрсөн нутгийнхаа нэрээр олонд “Зонхов” хэмээн алдаршсан. Түүнийг буддын уламжлалт түүхэнд хоёрдугаар Будда, Манзуширийн хувилгаан гэж үздэг.
Төвдийн олон урсгалын дотор байгаа хамгийн сайн зүйлсийг цуглуулсан, номын эхлэл хийсэн хүн байгаа юм. Ухамсарт амьдралаа ном эрдмийн төлөө явсан. Одоогийнхоор академич гэх мэдлэг чадвартай хүний зэрэгт хүрэхээр дайны гэсэн үг. Мөн түүнийг Төвдийн төдийгүй оюун санааны ертөнцөд номын хаан болгож өргөмжилсөн. Бид ганц хөшөө босгох байтугай Гималайн бүс нутгийн олон сая түмний шүтээн болгосон. Тэгэхээр энэ хүний дүр тэртээ тэргүй Монгол хүн бүрийн сэтгэлд бурхан болоод үлдсэн.
-Зөвхөн Богд Зонхов ч гэлтгүй бурхдын хөшөө ямар хэрэгтэй гэж бариад байдаг юм бэ?
-Бурхдыг 80 тохой буюу 27 метр орчим биеийн хэмжээтэй гэж үздэг. Тиймдээ ч Жанрайсаг бурхныг тийм хэмжээгээр бүтээсэн. Харин Богд Зонхов бодит хүн учраас тэгж том хийх шаардлага байхгүй. Амарбаясгалан хийдэд Богд Зонховын дүрийг гантиг чулуугаар урласан нь бий.
Хөшөө барих гэж байгаа газраа хүртэл зөв сонгох хэрэгтэй. Тасганы овоо бол энэ тэндээсээ өм цөм ухуулсан тохиромжтой биш санагддаг. Яагаад энэ хөшөөг барих гээд байгааг би сайн мэдэхгүй юм. Энэ их мөнгийг зөв сайхан зүйлд зарцуулах дохио санамжийг эрх баригчид авсан байх гэж найдаж байна.