Нэг сурагч өдөрт сургууль дээрээ 1500 төгрөгийн хоол иддэг. Үүнтэй холбогдуулан үдийн хоолны хэмжээ бага, чанар муу байна гэх шүүмжлэлүүд гараад байгаа. Бид нийслэлийн 45 бол 105 дугаар сургууль дээр ирж, хүүхдийн үдийн цайг хэрхэн бэлдэж байгаа, үдийн цай бэлдэж байгаа цайны газруудад ямар асуудал тулгарч байгааг сурвалжиллаа.
45 дугаар сургуулийн тогооч:
-Өнөөдрийн байдлаар 320 хүүхдэд үдийн хоол өгч байгаа. Манай сургуулийн 1-5 дугаар ангид 920 орчим хүүхэд бий. Өнөөдөр гэхэд мантуун бууз, сүүтэй цайтай өгч байна. Буузны хувьд их том, давс багатай, тос бага, амтлагчгүй. Хуурч шарсан зүйл өгөхгүй гээд чиглэл ирсэн. Яг үнэндээ үнийн өсөлттэй холбоотой нөхцөл байдал хэцүү байгаа гэсэн юм.
Бид 45 дугаар сургуулийн сурагчдаас, үдийн цайндаа сэтгэл хангалуун байдаг эсэхийг тодруулахад, маш гоё амттай, хоолондоо цаддаг гэх мэтээр хариулж байлаа.
Харин 105 дугаар сургуулийн бага ангийн багш С.Хонгорзул, "Нэг дэх өдөр цагаан хоол өгдөг. Хоёр дохь өдөр шөлтэй хоол. Гурав дахь өдөр мантуун бууз, ширхгийн хоол гэх зэргээр өдөр бүр өөр хоол өгдөг. Манай ангид л гэхэд эцэг эхийн зөвлөлийн дарга нар сар бүр ирж амталгаа хийдэг. Өмнө нь хоолны хүртээмж бага байсан шүү дээ. 650 төгрөг байсан болоод ч тэр үү. Аяга дүүрдэггүй, нэг халбагадаж хийгээд л өгдөг. Одоо хоёр халбагадаад аягыг нь дүүргээд өгдөг болсон” гэлээ. Бид мөн сурагч хүүхдүүдээс дээр дурдсан асуултыг асуухад, хоолондоо сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж байв.
Түүнчлэн 105 дугаар сургуулийн тогооч Л.Оюунтуяа үдийн хоол хийж буй газруудад тулгараад буй асуудлыг хэллээ. Тэрбээр, "Энэ хичээлийн жилээс үдийн цайг үдийн хоол болгосон гэж манай гишүүд яриад байгаа. Гэтэл бид 3-4 жил үдийн хоол өгөөд ирчихсэн. Үүнийг энэ жил шинэчлээд үдийн хоол болгочихсон юм шиг зүйл яриад байдаг. Өнөөдөр 1500 төгрөгөөр юу авах юм. Цайны газарт нэг бууз 1500, CU ороход ширхэг мантуун бууз ч хүрэхгүй. Гэсэн ч би өөрөө дөрвөн охинтой учраас, өөрийнхөө хүүхдүүд шиг сурагчдад нохойн хоол шиг юм өгөхгүйн төлөө хичээдэг. Өнөөдөр амьдрал хүнд байгаа. Түлээтэй, талхтай ч айл байна. Талхгүй ч айл байна. Захын хорооллын хүүхдүүд дунд үдийн хоол идэхээр хичээлдээ ирдэг хүүхэд байгаа шүү дээ.
Гэтэл юмны үнэ тэнгэрт хадчихлаа. Монгол хүнсний ногоо гэхэд л 70 хувь өссөн. Бидэнд заалаар үйлчлэх ямар ч боломж байхгүй. Цар тахлын эрсдэлтэй үед зөвхөн хүүхдийн үдийн цай хийж байгаа. Энд би ганцаараа ажиллаагүй олон хүн цалинжуулж байгаа. Гэтэл 1500 төгрөгийг 1500-гаар нь хүүхдэд хүргэсэнгүй гэдэг шүүмжлэл гараад байна. Яг хөрсөн дээрээ ямар байна гэдгийг манай дээдсүүд өөрсдөө ирж уулзаад, олон жил үдийн цайнд зүрх сэтгэлээ зориулсан хүмүүстэй ярилцаж гаргалгаа нь хаана байгааг олох хэрэгтэй. Тамга бариад гарын үсэг зурдаг хүмүүс хөрсөн дээр юу болж байгааг мэдэхгүй. Заалаар ажиллаагүй тохиолдолд асар хүнд байгаа” гэлээ.