Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хамгийн сүүлийн Гранд Слам тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 26-28-нд зохион байгуулагдах гэж байна. “Абу Даби -2021” Их дуулгад Монгол Улсаас нийт 20 жүдоч хүч үзэхээр болжээ.
Монголын тамирчдын түрүүч өнгөрсөн даваа гарагт Абу Дабид хөл тавьсан бөгөөд ОУХМ Б.Хишигбаярын удирдлага дор ур чадвараа сорин өрсөлдөх юм.
Тус тэмцээний аваргууд чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, тавдугаар байр 360 оноо, харин шилдэг наймд шалгарсан жүдочид 260 оноог дэлхийн чансаандаа нэмнэ.
Монгол Улсаас тус тэмцээний -60 кг-ын жинд Б.Сүхбат, -66 кг-д Г.Сод-Эрдэнэ нар анхны Их дуулгадаа хүч үзэх бол бусад тамирчин ээлжит тэмцээндээ зодоглох гэж байна.
Тодруулбал, Эрэгтэйчүүдээс 60 кг-д Э.Сумъяабазар, Б.Сүхбат, 66 кг-д Ё.Басхүү, Г.Сод-Эрдэнэ, 73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д Г.Болор-Очир, Б.Батболд, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, С.Баторших, эмэгтэйчүүдээс 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг, 57кг-д Л.Энхрийлэн, Б.Алтанцэцэг, 63 кг-д Б.Баасанжаргал, С.Лхагвадулам, 70 кг-д М.Даваасүрэн, Ц.Энхчимэг, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адьяасүрэн нар барилдана.
Сонирхуулахад, Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинг Токиогийн олимпын мөнгөн медальт Тайваний Ян Юүн-Вэй тэргүүлэн барилдах бол 73 кг-ыг энэ оны дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Гүржийн Лаша Шавдатуашвили, эмэгтэйчүүдийн 52 кг-ыг олимп, дэлхийн мөнгөн медальт Францын Амандин Бушар нар тэргүүлэн барилдах юм байна.