Зураг авалт нь цар тахлын хүнд цаг үед болж, үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй "Хотулун гүнж" УСК ирэх сарын 3-ны баасан гарагт бүх кинотеатраар гарч эхлэх гэж байна. Дөрвөн улиралд зураг авалтаа хийсэн, энэ оны хамгийн их төсөвтэй хэмээн тодорхойлогдоод буй "Хотулун гүнж"-ийн нээлт нь харин "Өргөө", "Cinemanext" кино театруудад болох аж.
Шүүдэр продакшны бүтээл, Юань гүрний үеийг харуулсан тулаант эпик төрлийн энэхүү кинонд Хотулун гүнжийн дүрийг жүжигчин М.Цэрэндолгор, түүний сэтгэлт залуу Абатайн дүрийг жүжигчин Б.Баттогтох бүтээжээ.
Юань гүрний үед амьдарч, Хубилай хаантай хийж байсан эцгийнхээ тэмцэлд түшиг тулгуур болж явсан бөх гүнж Хотулун өрнө дорнын түүхэнд хамгийн их алдаршсан түүхэн хүн юм. Сонирхуулахад, Хотулун гүнжийн түүхээс сэдэвлэсэн Хятад, Америкийн хамтарсан "The curse of the Turandot" буюу “Турандотын хараал” хэмээх кино саяхан нээлтээ хийжээ.
"Хотулун гүнж" кинонд зоригт Хотулун гүнж ба түүний шадар баатруудыг бага насных нь үеэс эхлэн дүрслэн үзүүлдэг бөгөөд иргэдийг гэр бүлээрээ үзэхэд зориулж хашхираан, хараал, цус үзүүлээгүй уран бүтээл болсноороо онцлог аж.