Сурталчилгаа
Төрийн банк Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагтай хамтран “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих” зорилготой санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ санамж бичгийн хүрээнд гурван жилийн хугацаанд нийгмийн дундаж давхарга болон жижиг дунд худалдаа эрхлэгчдийг дэмжсэн 16 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна.
Энэ талаар Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр "Төр засгийн байгууллагууд болон агентлагуудтай цаашдаа төлөвлөгөө гаргаад хамтран ажиллах гэрээ байгуулаад явна. Өнөөдрийн хувьд анхдагчаар жижиг дунд үйлдвэрлэлийн газар маань хамтран ажиллах гэрээ байгуулаад ажиллаж байна. Нийт 16 чиглэлээр хөтөлбөр боловсруулаад гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт ард иргэд болон жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн боловсрол олгоно. Мөн санхүүгийн бүтээгдэхүүнээ түргэн шуурхай хүргэх тал дээр хамтран ажиллана. Улс эх оронд нийгмийн дундаж давхарга гэдэг нэлээн ач холбогдолтой улс орныг авч явдаг хэсэг юм. Монгол улсын нийт хүн амын 70 орчим хувь дунджаас доогуур орлоготой гэдэг статистик байдаг. Төрийн банкны нийт 2 сая 400 мянган харилцагч нарын хувьд ч гэсэн 70 гаруй хувь нь дунджаас доогуур орлоготой байна. Тэгэхээр эдгээр харилцагч болон иргэдийгээ бид бүхэн жижиг дунд үйлдвэрлэлийн газартайгаа хамтраад банкны бүтээгдэхүүн үйлчилгээгээр дэмжих тал дээр хамтран ажиллана. Бид төлөвлөгөө боловсруулаад сая санамж бичигт гарын үсэг зурлаа" гэж хэллээ.
Ямар ямар төсөл хөтөлбөрүүд хамтран хэрэгжүүлэх талаар ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан "Төрийн банкны үүсгэн байгуулагдсан 12 жилийн ойн өдөр санамж бичигт гарын үсэг зурж байгаад бид баяртай байна. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид дундаж давхаргад чиглэсэн шинэ бүтээгдэхүүн гаргах буюу зээлийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх. Мөн Төрийн банкны аймгуудын салбар дээр бизнес инкубатор төв байгуулах замаар зөвлөх үйлчилгээ үзүүлж бизнес эрхэлж байгаа иргэн, ААН-үүдийг зөвлөх үйлчилгээгээр хангах. Алдаа дутагдлыг нь илрүүлж алдахгүй байх боломжуудыг олгоно гэсэн үг. Гурав дахь нь хүний нөөцийн асуудал байгаа. Үүн дээр хоёр тал хамтраад тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөгөөндөө тусгасан. Энэ хүрээнд тодорхой үр дүн гарч Монголын дундаж давхарга, жижиг дунд эрхлэгчдэд үр дүнгээ өгсөн арга хэмжээ болно гэж итгэж байна" гэв.
Мөн Төрийн банкны бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар "Монгол улсын төрийн, төрийн бус байгууллагууд бүгд Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, дундаж давхаргыг бий болгох дээр бүгд гар бие оролцох ёстой гэж ойлгож байгаа. Нийгийн хариуцлагын хүрээнд энэ ажил дээр анхдагч болж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг, дунд үйлдвэрлэлийн газар энэхүү үйл ажиллагаанд анхдагч нь болж санамж бичигт гарын үсэг зурсанд баяртай байна" гэлээ.
Төрийн банк жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон дундаж давхаргад чиглэсэн 16 төсөл хөтөлбөрийг 12 сараас хэрэгжүүлж эхлэх юм байна.