Технологийн салбарт эмэгтэйчүүд ажиллах боломж их байдаг. Иймд охидыг багаас нь энэ салбарт сонирхолтой болгож, сонирхлыг нь өдөөх зорилгоор ажиллаж буй Girls Coding Cafe төслийг санаачлагч, контент бүтээгч О.Ариунзаяатай ярилцлаа.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.
-Сайн байна уу. Намайг О.Ариунзаяа гэдэг. Би Бостоны их сургуулийг санхүү, улс төрийн чиглэлээр төгссөн. Америкт байх хугацаандаа LearnLux гэдэг хувийн санхүүгийн гарааны бизнес эрхэлж, Cue Ball Capital гэх хөрөнгө оруулалтын санд ажиллаж байсан туршлагатай. Монголдоо Girls Coding Cafe төслийг санаачлан, үүсгэн байгуулаад байна.
-Girls Coding Cafe төслийн санааг хаанаас авсан, төсөл хэрэгжүүлэх болсон шалтгаан нь юу вэ?
-Энэ төслийг санаачлах болсон шалтгаан нь, надад тохиолдсон түүхтэй холбоотой юм. Би ЕБС-д байхдаа тооны хичээлдээ маш сайн байсан болохоор санхүүгээр л суралцана гэж боддог байв. Тиймдээ ч санхүүгийн удирдлагын мэргэжлээр Бостон явсан. Бостонд очоод технологийн салбарт ажиллавал эмэгтэйтэйчүүдэд их боломж байдаг гэдгийг олж харсан. Эмэгтэй оюутнуудын оролцох боломжтой тэмцээн уралдаанууд, хийж болох дадлага олон байдгийг анзаарсан. Төгсөөд ажлын байр хайхад ч гэсэн Google, Amazon, Facebook гэх мэт том байгууллагууд компьютерын шинжлэх ухаанаар төгссөн эмэгтэй оюутнуудыг “шүүрээд л” авдаг. Бизнесийн удирдлагаар сурсан надад оюутны визээрээ ажиллах нэг жилийн эрх байсан юм. Намайг нэг жил оюутны визээр ажиллачхаад байж байхад надад хоёр компаниас спонсорлоё гэсэн маш гоё хүсэлт ирсэн.
Олон улсын оюутан компьютерын шинжлэх ухаанаар сурсан бол оюутны визээр гурван жил ажиллах боломжтой байдаг. Түүнээс цааш компани спонсорлоод явах боломжтой. Тухайн үед тэр боломжуудыг алдсан мэдрэмж авч байсан. Мэргэжлээ сольё гэхэд жаахан оройтчихсон байлаа. Америкт сургуулиа нэг жил сунгаад сурахад зардал, өртөг өндөр шүү дээ. Тиймээс мэргэжлээ сольж чадаагүй. Би өөрөө ийм том мэдээлэл, боломжоос хоцорчихсон байсан учраас ирээдүй хойч, дүү нараа энэ боломжинд холбож өгөх гүүр нь болох ёстой юм байна гэсэн бодлыг их сургуульд байхаасаа л тээсэн. Ингээд Монголдоо ирээд уг санаагаа хэрэгжүүлэх гээд ажиллаж байна.
-Төслийн зорилго, алсын хараа юу вэ?
-Манай төслийн алсын хараа бол Монгол дахь технологийн салбар дахь хүйсийн тэгш бус харьцааг арилгах зорилготой. Хаана ч технологийн салбарт эмэгтэйчүүд цөөнх байдаг. АНУ-ын хүн амын тал хувь нь эмэгтэй гэж үзэхэд компьютерийн шинжлэх ухаанаар бакалаврт сураад төгсөж байгаа оюутнуудын 12 хувь нь л эмэгтэй байдаг. Охидыг багаас нь технологийн салбарт сонирхолтой болгож сонирхлыг нь өдөөх нь чухал. Хамгийн энгийнээр, сонирхолтой байдлаар код бичих, вебсайт хийхийг зааж өгөх, охидыг багаас нь хүчирхэгжүүлж, өөртөө итгэлтэй болгох, мөн карьер, амжилтынх нь гүүр болох зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа.
-Төслийн хүрээнд одоо ямар ямар үйл ажиллагаа хэрэгжсэн байгаа вэ?
-Бид наймдугаар сарын 14-нд “Эмэгтэй хүн чадах юм уу?” онлайн эвент зохион байгуулсан. Арга хэмжээнд маань 600 гаруй хүн оролцож, 15 зочин илтгэгч илтгэл тавьсан маш том эвент болсон. Бидний зорилго гадаад болон дотоодын технологийн салбарт ажиллаж буй Монгол эмэгтэйчүүдийг таниулан, охид бүсгүйчүүдэд ирээдүйн боломжит ажил мэргэжлийн төсөөллийг нь буулгаж өгөх байсан юм.
Хоёрдугаарт, технологийн салбарыг зүгээр нэг код бичээд, программ бичээд сууж байдаг уйтгартай салбар биш, технологийг маш олон салбарт ашиглаж болдог юм аа гэдгийг таниулах зорилготой. Бид арга хэмжээнд оролцогчдынхоо дунд судалгаа явуулахад 97 хувь нь эмэгтэй оролцогч байсан. Тэр дундаас 80,5 хувь нь технологийн салбарт ажиллаж байсан туршлагагүй бөгөөд энэ салбарын талаар мэдээлэл авах зорилготой манай эвентэд оролцож байна гэсэн. Үүнээс дүгнэхэд бид зорилтот зах зээлдээ амжилттай хүрч чадсан гэж бодож байгаа.
-“Эмэгтэй хүн чадах юм уу” гэдэг нэр нь их сонирхолтой байна. Яагаад ингэж нэрлэсэн бэ?
-Миний өөр нэгэн түүхтэй холбоотой. Би долдугаар ангидаа Орчлон сургуульд сурдаг байсан. Тухайн үед манай ангид нэг инженер ах ирж мэргэжлээ танилцуулсан юм. Тэр хүний яриа дуусахад би гараа өргөөд “Эмэгтэй хүн болж болж болох юм уу?” гэж асууж байсан. Одоо энэ асуултаа эргээд бодохоор өөрийгөө өрөвддөг. Тэр ахын ярьж, хийж байгаа мэргэжил надад тийм л өөр ертөнцийнх байсан байна. Тэр ахын оронд эмэгтэй хүн ирээд инженер мэргэжлээ танилцуулсан бол надад ямар өөр харагдаж, ямар өөр хаалгуудыг нээж өгөх байсан бол гэж боддог. Манай багийнхан энэ түүхийг маань мэддэг. Тэгээд нэрээ бодож байхад энэ асуултаар нэрлэвэл ямар вэ гээд ингэж нэрлэсэн.
-Охидод зориулсан Hackathon зохион байгуулсан байгаа. Энэ үйл ажиллагааны талаар?
-Бид онлайн эвентийнхээ дараагаар Монголд анх удаа, зөвхөн охидын дунд HerSolution 2021 Hackathon үйл ажиллагааг 10 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд маш амжилттай зохион байгуулсан. Манай улсад нийгмийн асуудлуудад технологи ашиглан шийдэл олох зорилготой Hackathon тэмцээн зохион байгуулагдаж байсан боловч зөвхөн охид бүсгүйчүүдийн дунд ийм төрлийн тэмцээн урьд өмнө нь зохиогдож байгаагүй гэдгээрээ технологийн салбарын түүхэнд бичигдэхүйц онцлогтой үйл явдал болсон. Тэмцээнд маань шалгарсан 30 охид 2 өдрийн турш “Self-care and Wellness” сэдвийн хүрээнд оновчтой, бүтээлч шийдэл гаргаж, багаар хамтарч ажиллаж, цаг болон ачааллаа ухаалгаар зохицуулах, шинийг санаачлах, бүтээлч байх зэрэг олон талын чадвараа сорьж ажилласан. Монголын хамгийн анхны охидын Hackathon-ы цомын эзнээр шалгарсан багийн охид Girls Coding Café гишүүнчлэлийн эрхийн эзэн болж Улаанбаатар хотод нээгдэх Girls Coding Café-д хүрэлцэн ирж, багаараа хамтарч ажиллан, санаагаа улам бүр хөгжүүлэх боломжтой.
-Энэхүү төсөл хөтөлбөрт ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ?
-Бидний зорьж байгаа бүлэг заавал технологийн салбарын талаар туршлагатай, мэдлэгтэй байх шаардлагагүй. Жендэрийн асуудал дээр төвлөрч байгаа учир эмэгтэйчүүд гэж ойлгож болно. Үйл ажиллагаагаа өсвөр насны охид руу чиглүүлж байгаа. Цаашдаа гэртээ хүүхдээ хараад суудаг ээжүүд, мэргэжлээ солих хүсэлтэй эмэгтэйчүүд рүү чиглэн үйл ажиллагаагаа өргөжүүлнэ.
-Төсөл хэр хугацаанд үргэлжлэх вэ? Төсөл үргэлжлэх хугацаанд бүх арга хэмжээнд оролцоод явъя гэвэл яаж бүртгүүлэх вэ?
-Girls Coding Cafe төсөл нь Улаанбаатар дахь анхны салбараа нээх бэлтгэл ажилдаа орсон явж байгаа. Салбар нээгдсэний дараа үйл ажиллагаа маань тасралтгүй явагдана. Цаашдаа алслагдмал дүүрэг болон орон нутгийн хүүхдүүдэд хүрч ажиллах зорилготой. Дэлгэрэнгүй мэдээллийг манай Girls Coding Cafe сошиал хуудсаас аваарай.
-Girls Coding Cafe төсөлд хамрагдсанаар гарах өөрчлөлт нь юу вэ?
-Нэгдүгээрт, бие биенээ ойлгож, дэмжсэн маш гоё эмэгтэйчүүдийн хүрээлэлтэй болно.
Хоёрдугаарт, бидний өдөр тутмын бүх хэрэглээ технологитой холбоотой болсон учраас технологийг өөрийнхөө нэг давуу тал, чадвар болгож ашигласнаар өөрийнхөө сонирхлыг ахисан түвшинд хүргэх боломж нээгдэнэ.
Технологийн мэдлэгтэй болоод наад зах нь код бичиж, вебсайт хийж чаддаг бол дэлхийн хаана ч гэрээсээ ажиллах боломжтой. Дэлхийн үүд хаалга нээлттэй болно.
-Одоогийн технологийн салбар дахь эмэгтэйчүүд болон төсөлд хамрагдсаны дараах эмэгтэйчүүдийн ялгаа юу байх вэ?
-Ямар нэгэн технологийн тэмцээн уралдаанд оролцохоор ганцаараа эмэгтэй байх эсвэл технологийн салбарт ажилд орвол дандаа эрэгтэй инженерүүдтэй цуг ажиллах, ганцаардах тохиолдол цөөнгүй байдаг. Төслийн маань бас нэг зорилго бол энэ салбарт буй эмэгтэйчүүдийг холбож нэгнээ дэмжсэн нийгэмлэг үүсгэх юм. Охид эмэгтэйчүүд маань хоорондоо өрсөлдөөд байх шаардлагагүй. Бид нар энэ салбартаа цөөнх нь учраас бие биенээ дэмжих ёстой. Цөөнх биш байсан ч эмэгтэйчүүд маань бие биенээ дэмжих хэрэгтэй.
-Монголын болон дэлхийд технологийн салбарт эмэгтэй хүн ажиллах нь ямар онцлогтой вэ?
Эмэгтэй хүн гэхээрээ сул талтай, эрэгтэй хүнээс муу гэсэн зүйл огт байхгүй. Бид нар өөр өөрсдийн гэсэн давуу талтай. Наад зах нь манай эвентийн зочин илтгэгчдийн нэг Microsoft –д 15 жил ажилласан Л.Өлзий эгч маань байна. Л.Өлзий эгч ээж хүн байх нь өөрт нь маш том давуу тал болсон гайхалтай түүхээ бидэнтэй хуваалцсан. Хүүхдээ хичээлээс нь авах гээд сургууль дээр очсон чинь эцэг эхчүүдийн хийх ёстой ажлуудыг самбар дээр бичсэн байсан. Түүнийг хараад “Би үүний зургийг дарахад л миний календарь луу бүгд шивэгдээд ороод ирвэл ямар гоё вэ” гэж бодсон. Энэ санаагаа төсөл болгоод, Microsoft компанийн Hackathon-д оролцоод, түрүүлсэн. Л.Өлзий эгч хэлэхдээ “Хэрвээ би ээж хүн биш байсан бол энэ санааг олохгүй, тэр шийдлийг харахгүй байх байсан”. Бид нар эмэгтэй хүн, ээж хүн байснаараа илүү мэдрэмжтэй, тууштай, тэвчээртэй эсвэл ямар нэг асуудлын шийдлийг өөр өнцгөөс харах олон давуу талуудтай болдог.
Технологийн салбарт ажилладаг эрэгтэй хүмүүсийг харсаар байгаад эмэгтэйчүүд бидний хийх зүйл биш гэж бодоод байдаг. Яг хийгээд эхэлбэл бидэнд гаргах маш олон давуу тал бий.
-Эмэгтэй хүнийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
Эмэгтэй хүмүүс өөрийн гэсэн ертөнцтэй байгаасай. Тухайн бүсгүйн хобби, сонирхол, бодол, зарчим гэх мэт нь тэр хүний ертөнцийг бүтээхэд чухал нөлөө үзүүлнэ. Энэ ертөнцөө хадгалж авч үлдэхийн тулд эмэгтэй хүнээс их хүч шаардана. Чиний ертөнц бусдаас өөр байж болно. Түүнийгээ маш гоё илэрхийлж, хамгаалж яваасай гэж хүсдэг. Бусдаас өөр байна гэдэг нь буруу гэсэн үг биш.
– Хэзээнээс контент хийж эхэлсэн бэ?
-Би YouTube эхлүүлээд хоёр жил хагас болж байна. Анх хийж эхлэхэд 15 минутын бичлэг хийх гэж 20-30 цаг суудаг байсан. Одоо бол нэг бичлэг гаргахад хоёроос гурван цаг хангалттай. Тууштай байхын нэг давуу тал нь цагаа танаад тухайн зүйлдээ чадварлаг болсоор байдаг.
-Хамгийн анх бичлэг оруулчхаад харж байхад ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Хамгийн анх найзууд л үзнэ гэж бодож байсан. Найзуудтайгаа New York –д аялж байсан бичлэгээ оруулж байхдаа маш их догдолж байсан. Хамгийн анхны 1000 Subscribes хүрэхэд маш хэцүү байдаг. 1000 хүртэл нь өдөр болгон шалгаад л. Догдлол, сандрал дүүрэн байдаг.
-Контентын санаагаа хаанаас авдаг вэ?
-Би анхнаасаа өөрийнхөө дуртай чиглэл буюу боловсрол, хувь хүний хөгжлийн чиглэлийг сонгоод эхлүүлсэн. Өөрийнхөө сурсан, мэдсэн зүйл, уншсан ном, олж авсан туршлага дээрээ үндэслээд санаануудаа гаргаад явдаг.
-Сүүлийн үеийн өсвөр насны хүүхдүүд контент бүтээх хүсэлтэй болж байгаа. Контент хийх хүсэлтэй хүүхэд залууст өгөх таны зөвөлгөө.
-Сэдэв хамгийн чухал. Өөрийнхөө хэзээ ч яриад уйдахгүй сэдвийг сонгоорой. Тэгвэл санаагүй болно гэж байхгүй. Миний хувьд би өөрийнхөө хэзээ ч яриад уйдахгүй сэдэв буюу хувь хүний хөгжил, боловсролын талаар барьж авсан. Энэ сэдвүүдээрээ хэдэн цаг суугаад ярьсан ч уйдахгүй. Тийм учраас би хэзээ ч санаагүй болж байгаагүй. Ихэнх хүмүүс контент эхлүүлсэн ч цааш юу хийх санаагүй болчихдог. “Яана аа, дараа долоо хоногт юу хийх вэ” гээд л. Яг өөрийнхөө сонирхолтой, гоё зүйлээ л ярьж эхэл. Бичлэг нэг хийгээд гаргах амархан. Олон жилийн хугацаанд тууштай хийж, үзэгчид бүрэлдүүлж, өөрийн контентын чиглэлийг үүсгэж, нэг ёсны бренд үүсгэх маш хэцүү. Тууштай байгаарай.
Өөрийн чинь ярих зүйл дэлхий дээр хэзээ ч цор ганц байхгүй гэдгийг ухамсарлаарай. Чиний ярих сэдэвтэй ойролцоо зүйлийг дэлхийн хаа нэг өнцөг буланд ярьж байгаа. Харин харах өнцөг нь өөр байдаг юм шүү. Сэдэв бол хаа сайгүй байгаа. Өөрийн чинь харах өнцөг, илэрхийлэх чинь цорын ганц . Түүнийгээ гоё ашиглаарай.
-Контент бүтээхийн давуу болон сул тал нь юу байдаг вэ?
-Маш олон давуу талтай. Миний хувьд би өөрийгөө маш зарчимч, нэг талыг баримталдаг, дэс дарааллаар хийдэг, дүрмийг дагадаг нэгэн гэж хардаг байсан. YouTube хийснээрээ өөрийнхөө бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн. Олон гоё платформ дээр ажиллаж сураад өөрийгөө хөгжүүлсэн гэх мэт олон давуу талтай. Хамгийн том давуу тал нь контент бүтээнэ гэдэг нь өөрийгөө хөгжүүлэх боломж. Яагаад гэвэл ярьж байгаа зүйлээ мэддэг байх ёстой. Хийж байгаа зүйлийнхээ талаар судалгаа хийх ёстой. Байнга ном уншиж байгаатай адилхан. Тасралтгүй судалгаа хийж, шинэ зүйлсийг эрэлхийлж байдаг. Утга учиртай амьдрахын нэг боломж гэж хэлж болно.
Олон нийтэд өөрийгөө ил байлгах нь хааяа сул тал болдог. Өөрөө сайн дураараа нийтэд ил болчхоод хэн нэгэн намайг муулахад би уурлаад, муулаад байж болохгүй. Хатуу үг дааж, өнгөрөөж сурах чадвар шаарддаг. Сайн муу олон сэтгэгдэл ирдэг. Аль алиныг нь харж савлаад байхгүй. Ямар ч үед өөрийнхөөрөө байх сэтгэлийн хат хэрэгтэй.
-Та бүтээлч сэтгэлгээгээ хэрхэн хөгжүүлдэг вэ?
Би ганцаараа байх дуртай. Олон хүнтэй байхаас илүү ганцаараа байж өөрийгөө сонсож, дотоод ертөнцөөсөө бүтээлч сэтгэлгээгээ олох дуртай. Миний дотор нуугдсан маш олон эрдэнэс байгаа гэж боддог. Ганцаараа тайван, амар амгалан орчинд байхаар тэр эрдэнэсээ олж илрүүлж, гаргах боломжтой болдог.
-Бүх зүйл үнэ цэн, үнэт зүйлтэй байдаг шүү дээ. Тэгвэл контент бүтээгч хүний үнэт зүйл нь юу вэ?
-Чанар гэж бодож байна. Яагаад гэвэл хүний цаг хугацаа маш үнэ цэнтэй. Би өөрийнхөө цаг хугацааг үнэлдэг болохоор үзэгчдийнхээ цаг хугацааг их үнэлдэг. Хэдэн ч минутын бичлэг байсан чанартай байгаасай гэж хүсдэг. Тэр хүн цагаа зориулаад миний бичлэгийг үзэж байгаа болохоор үзээд дууссаны дараа нэг зүйл сураад авчихсан байгаасай. Нэг зүйл бодчихсон байгаасай гэж контент гаргахдаа боддог.
-Анх бичлэг хийгээд эхлүүлж байсан болон одоо контент бүтээгч болсон Ариун Оюуны ялгаа?
-Техник технологи ашиглах хурдны хувьд гучин цагаас гурван цаг болж арав дахин хурдтай болсон. Хувь хүнийхээ зан чанарыг контентоор дамжуулж яг байгаагаар нь гаргана гэдэг том бэрхшээл байдаг. Тэр нь камертай удаан хугацаанд харьцаж байж сайжирдаг юм шиг. Тэр талдаа сайжирч байгаа.
Контент анх бүтээж эхэлснээс одоогийн өөрийгөө бодвол өөрийнхөө үнэ цэнийг өөрөөр нь тодорхойлж сурсан. Жишээлбэл, миний үнэ цэн миний сэтгэгдлүүд, лайк, үзэлт, хийж байгаа зүйл маань ч биш. Хийж байгаа зүйлээ өөрийнхөө үнэ цэнээс салгаж сурсан. Хийж байгаа зүйл чинь чиний мөн чанар биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Таны амьдралдаа баримталж явдаг хамгийн том зарчим юу вэ?
-Утга учиртай амьдрах. Өдөр бүрийг утга учиртай өнгөрөөсэй гэж боддог. Эргээд харахад, дэмий зүйлийн төлөө арван юм хийдэг биш. Агуу зорилгын төлөө нэг юм хийдэг байх нь утга учир болов уу.