Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "2.3 сая иргэний мэдээлэл алдагдаж, гадаад сайтад зарагдаж байгаа мэдээлэл юу болсон бэ" хэмээн асуулаа.
Түүний асуултад ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ хариуллаа. Тэрбээр "2.3 сая иргэний мэдээлэл хакеруудын алдагдсан мэдээллүүдийг зардаг хар зах маягтай сайтад зарагдаж байсан гэх мэдээлэл бий. Энэ мэдээлэл нь аравдугаар сарын 6-нд анх тус сайтад тавигдсан. ТЕГ-аас ажлын хэсэг гараад шалгаж байгаа. Тавигдсан мэдээллээс харахад алдагдсан мэдээлэл нь Хаанбанкны мэдээлэл байсан байж болзошгүй. Учир нь дансны дугаар болон тавигдсан мэдээллийг нь харахад тэгэж дүгнэж болохоор байгаа" хэмээн хариуллаа.