Нийслэлийн 97-р сургуулийн сурагчийг 40 гаруй хүүхэд бүлэглэж зодсон хэрэг гарсан талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдлаа.
Уг хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өгсөн юм. Цагдаагийн хурандаа Б.Батзориг “БЗД-ийн цагдаагийн газарт есдүгээр ангийн сурагч хүүхдүүдэд зодуулсан гэх мэдээлэл ирсэн. Гомдол, өргөдлийн дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Хохирогч хүүхдийг шүүх эмнэлэгт үзүүлнэ. Цахим сүлжээнд 30-40 хүүхэд бүлэглэж нэг хүүхдийг зодсон гэх мэдээлэл цацагдаж байна. Урьдчилсан байдлаар дөрвөн хүүхэд зодсон нь тогтоогдсон.Сэрэмжлүүлэг болгож мэдээлэхэд, өсвөр насны хүүхдүүд хоорондоо зодолдох нь эрүүгийн хуулиар шийдвэрлэгддэг. Хэрэв хохирогч хүүхдийн биеийн байдал хүнд байвал хорих ялтай. Харин гэмтлийн зэрэг бага байвал торгууль ногдуулдаг. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд сургуулийн захиргаа, эцэг эх, цагдаагийн байгууллага хамтарч ажиллах шаардлагатай байна" гэлээ.