Өвлийн улиралд гэрийн тэжээвэр амьтнаа хэрхэн арчлах талаарх зөвлөгөө, мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Цаг агаар хүйтэн болж сэрүүсэхэд буюу өвөл болоход нарны тусгал буурсантай холбоотой гэрийн тэжээвэр амьтад Д витамин нарнаас нөхөж авах боломжгүй болдог. Д витаминыг нарнаас нөхөж авах боломжгүй болсноороо амьтны дархлаа сулрах, янз бүрийн ясны өвчлөлд өртөх, бойжилтын хувьд удааширдаг байна.
Энэ талаар Амазон амьтны дэлгүүрийн үүсгэн байгуулагч М.Өлзийтөмөр "Жижиг биетэй нохой ойр ойрхон бие засаж давтамжтай гадагш гарах шаардлагатай болно. Тиймээс салхилуулах үедээ цаг агаарын нөхцөл байдлыг анзаарч байгаад огцом хүйтэрч байна уу, гадаа хэдэн градустай байна гэдгээ харж байгаад нохойгоо даараад эхлэнгүүт нь оруулна. Тэгээд цаг агаар ойрын өдрүүдэд тогтмол байх юм бол хэд хэдэн минутаар уртасгана. Нохойг салхилууахад аль болох боломж нь байвал урт цагаар гаргаж болно. Үүн дээр заавал цаг, минут заагаад хэрэггүй" гэж зөвлөлөө.
Харин өвлийн улиралд хэрхэн гэрийн тэжээвэр амьтнаа усанд оруулах тухай тэрбээр "Муур нохойг усанд оруулах нь ойролцоо. Усанд оруулахаар чих, хамар луу нь ус оруулахгүй байх хэрэгтэй. Зориулалтын шампунь хэрэглэнэ. Мөн усанд оруулаад тэр дор нь хатаах хэрэгтэй. Зориулалтын алчуурыг бүлээн усанд базаад арчиж хатаана" гэв.
"Төрөл, нас үйлдвэрийнх нь онцлогт тааруулсан хоолыг сонгож өгвөл зүгээр байдаг. Зориулалтын хоолны давуу тал нь бид нохойдоо хоол чанаад өгөхөөр дээд тал нь 3-4 түүхий эдээр хоол чанаж өгдөг. Тэгэхэд зориулалтын хоолнууд хамгийн багадаа 10 гаруй төрлийн түүхий эдээс бүтсэн. Тэр нь эрдэс, витамин, омега гээд янз бүрийн арьс үсэнд нь тохирсон биотин ч зэрэг сайн нэмэлттэй. Дээрээс нь ашигтай бактери буюу пробиотик хүртэл дотроо агуулчихсан хоолнууд байдаг" гэлээ.
Хүмүүсийн гаргадаг нийтлэг алдааг дурдахдаа "Нохой, муур худалдаж авах гэж байгаа бол нэгдүгээрт вакциндаа орсон. Эрсдэлтэй насаа өнгөрөөчихсөн буюу 45-аас дээш хоногтой байгаа эсэхийг нь харгалзаж үзэх. Ядаж нэг удаа вакцинд хамрагдчихсан. Болж өгвөл хоёроос дээш вакциндаа орчихсон нохой худалдаж авбал зүгээр. Огт вакцингүй амьтан худалдаж авна гэдэг нь том эрсдэлийг дагуулж байдаг. Тухайн амьтан цаашдаа эрүүл саруул, эсэн мэнд өсөж бойжно гэсэн баталгаа маш бага болж эхэлдэг. Үхэх эрсдэл өндөртэй гэсэн үг. Бидний айгаад байгаа ковид өвчнөөс бараг 50 дахин илүү үхүүлэх аюултай өвчнүүд нохойноос нохойд, муураас мууранд дамждаг. Түүнээс нь бид сэргийлэхийн тулд заавал вакцинжуулалтад хамруулах ёстой" гэв.
Мөн нохойг сайн нийгэмшүүлж хүмүүжүүлэх хэрэгтэй. Хүний нийгэм хот дотор амьдрахад тохирсон олон сургалтууд заах ёстой. Үүнийг заагаагүйгээс болоод хүн нохойноосоо аз жаргал кайфыг мэдрэх биш бараг эсрэгээрээ төвөгшөөж амьдралд нь төвөг удах хэмжээнд буюу сургаж чадаагүйгээсээ болоод шантарч больдог, эргүүлээд зардаг. Тэгээд гудманд гаргаж хаядаг асуудлууд үүнтэй холбоотой. Яг л хүүхэд хүмүүжүүлж байгаатай адилхан маш олон зүйл дээр нь анхаарч ажиллах хэрэгтэй болдог. Тиймээс амьтан худалдаж авах гэж байгаа бол сайтар судалж бэлтгэлтэй байх хэрэгтэй гэсэн юм.