Өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн тариаланчид ургацын баяраа тэмдэглэлээ. Тэд энэ жил 162.1 мянган га талбайд тариалалт хийгээд 435 мянган тонн ургац хураан авсан нь сүүлийн 35 жилд аваагүй арвин ургац юм.
Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Н.Гантулга
Энэ амжилт бол газар тариалангийн алтан үе. Сүүлийн 35 жилд аваагүй ургац хурааж авлаа. Энэ жил Төв аймаг 77 мянган га-д үр тариа тариалсан. Үүнээсээ 68 мянгад нь улаан буудай, 1600 га-д хүнсний ногоо 12.3 мянган га-д төмс, 25 мянган га-д тосны ургамал, 44.1 мянга га-д таримал тэжээл тарьсан амжилт үзүүллээ
Энэ жил Төв аймаг нэгжээс авсан ургацаараа улсдаа хоёрдугаар байр, таримал тэжээл хураан авсан ургацаараа улсдаа тэргүүлсэн. Газар тариалангийн үйлдвэрлэлийнхэнд тулгамдаад байгаа борлуулалтын асуудлуудын тухай УИХ-ын Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хороотой хамтарч, хэлэлцүүлэг зохион байгуулж, амжилттай болоод үүний ар дээр бид ургацынхаа баярыг хийлээ.
Баянцогт шимт уринш ХХК-ийн захирал О.Ганхуяг
Би анх аавыгаа дагаж 1988 онд газар тариалангийн ажилд орсноос хойш өнөөдөр тасралтгүй 34 жилийн ард гарчээ. Манай Төв аймгийн хувьд энэ жил ургац арвинтай сайхан жил болж өндөрлөлөө. Ургацын чанар сайн байлаа. Манай компанийн хувьд чамгүй сайхан ургац авч, улс орныхоо хүнсний хэрэгцээт стратегийн бүтээгдэхүүнд тодорхой хувь нэмрээ оруулсандаа баяртай байна. Ер нь эрдэм шинжилгээний байгууллага буудайн сорт дээр их анхаардаг болсон. Хөдөө аж ахуйн яамны оруулж ирсэн элит сорт болох Омск-36 сортыг үржүүлж тарьж байгаа. Энэ сорт миний тариалдаг бүс нутагт их тохирч байгаа. Ер нь тариаланчид өөрсдийнхөө бүс нутагтаа тохирсон сортуудаа л авч тариалах нь зүйтэй. Түүнээс заавал центнер хөөж сортоо сонгох шаардлага байхгүй. Гол нь тэнд тогтвортой ургац өгөх, найдвартай сортуудыг л сонгож тариалах нь чухал юм.