УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал АИ-92 шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлын зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшлийн иргэний нийгмийн хамтарсан зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргалаа. Тухайлбал УУХҮЯ, АМГТГ, Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд АИ-92 авто бензиний хангамж нөөцийг Засгийн газрын холбогдох тогтоолд заасан хэмжээгээр бүрдүүлж тус бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг огцом хэлбэлзэлгүйгээр зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх бодлого баримтлан ажиллах зөвлөмж гаргалаа. Өөрөөр хэлбэл, зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч, гадаадаас шатахуун импортолж буй үнийг өнөөдрийнх бус сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцоолно гэсэн үг. Ингэснээр нэг удаагийн үнийн огцом хэлбэлзэлийг аажмаар үнэ бодож гаргах аргачлал юм. Энэ үнийг бодоход төр оролцохгүйгээр зах зээлийн үнээ тооцоолж явна. Жишээлбэл, нэг удаагийн өөрчлөлт нийт үнийнхээ таван хувиас хэтрэхгүй байх юм. Одоо жижиглэнгийн үнэ 2050 төгрөг байлаа гэхэд 100 төгрөгөөс хэтрэхгүй.
Огцом хэлбэлзэлгүйгээр гэхээр нэг удаад шууд 300 төгрөгөөр үнийг нэмэхгүй. Харин энэ өсөлт хойшилсоор аажмаар хэрэглэгчдэд очно гэж ойлгох нь зөв. АИ-92 авто бензин 2050 төгрөгөөр худалдагдаж байгаа. Харин Сингапурын хөрөнгийн биржээс худалдан авч буй өртөг нь 2400 орчим төгрөг байна" гэв.
Иймд ойрын хугацаанд АИ-92 авто бензиний үнэ 100 төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг дэд сайд хэллээ. Харин шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн зүгээс 400 төгрөгөөр үнэ нэмэх хүсэлтийг илэрхийлээд байгаа аж.