Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын олон оронд цар тахлын эсрэг эрх баригчдын авч буй хариу арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал тэмцэл болж өнгөрлөө.
Зарим жагсагчид цагдаа нар руу салют буудаж, тэд жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, усан буу ашигласан талаар ВВС агентлаг мэдээллээ.
Жагсагчид ковидийн тасалбар ашиглахыг эсэргүүцэж байгаа бөгөөд вакцинд хамрагдаагүй хүмүүсийг ресторан, баар гэх мэт газруудад нэвтрэхийг хориглосоныг эсэргүүцэж ийнхүү жагсаж байгаа юм. Нидерландад ковидийн шинэ журмыг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаалын дараа ийнхүү тэд ч бас жагссан байна.
Баасан гарагт Нидерландын Гааг хотод хорио цээрийн шинэ дэглэмийг эсэргүүцсэн иргэд цагдаа нартай мөн л мөргөлдсөн бол Бямба гарагт Роттердам болон бусад хотуудад тэмцэл үргэлжилжээ.Бямба гарагт Роттердам хотод болсон эсэргүүцлийн жагсаал ширүүн болж, цагдаа нар буун дуу гаргасны дараа нэг шөнө Гааг хотод цагдаа нар руу салют буудаж, унадаг дугуйнуудыг шатаасан байна. Австри, Хорват, Итали зэрэг улсуудад олон мянган жагсагчид гудамжинд гарч дургүйцлээ илэрхийлжээ.
Гааг хотод жагсагчдыг тараахын тулд морьтой цагдаа нар нохой, бороохой ашигласан байна. Жагсагчдын зарим нь өвчтөн тээвэрлэж явсан түргэн тусламжийн автомашин руу чулуу шидэж, цонхыг нь хагалжээ. Иргэд бас гудамжинд унадаг дугуй бөөгнүүлэн шатааж, уур бухимдлаа илэрхийлсэн юм. Мөргөлдөөний үеэр цагдаагийн таван офицер бэртэж, нэг нь эмнэлэгт хүргэгдсэн тухай албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Маргааш нь Роттердам хотод болсон мөргөлдөөний үеэр нөхцөл байдал хяналтаас гарах аюултай болсон тул цагдаа нар анхааруулах гал нээжээ. Энэ үеэр гурван жагсагч сумны шарх авч, эмнэлэгт хүргэгдсэн байна. Коронавирусийн халдвар эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор Нидерландын засгийн газар гурван долоо хоногийн хөл хорио зарласан юм.
Австрийн нийслэл Вена хотод мөн өчигдөр хөл хорионы дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал өрнөжээ. Тус улсад өнөөдрөөс эхлэн 20 хоногийн хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа. Мөн ирэх оны эхнээс иргэдийг албадан вакцинжуулалтад хамруулахаар болсон юм.
Ижил агуулгатай иргэдийн жагсаал тэмцэл Хорватын нийслэл Загреб, Италийн нийслэл Ром хотуудад ч болжээ.
Франц улс өчигдөр Карибын тэнгис дэх газар нутаг болох Гуаделуп аралд үүссэн эмх замбараагүй байдлыг зохицуулахаар цагдаагийн хүчийг эх газраас нэмж илгээсэн байна. Өмнөх орой нь вакцины гэрчилгээгээр үйлчилгээний газруудад нэвтрэх шинэ дүрмийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл сүүлдээ хүчирхийлэл болж, дэлгүүр, худалдааны төвүүдийг тонон дээрэмдэх, галдан шатаах явдал гарсан юм.
Эх сурвалж: BBC