Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 994 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьдарч байна. Эдгээрээс 807 хүүхдүүдэд байнгын асаргаатай шаардлагатай байдаг. Нийгмийн үйлчилгээ авахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, эцэг эх асран хамгаалагчид зориулалтын өрөө тасалгаа байхгүйгээс хүндрэл бэрхшээл үүсдэг байжээ. Харин Сонгинахайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, HOLT олон улсын хүүхдийн байгууллагын дэмжлэгтэйгээр "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв"-ийг ашиглалтад оруулллаа.
Энэ талаар СХД-ийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн нийгмийн халамжийн албаны дарга Б.Байгальмаа "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд үйлчилгээ авах үед хүүхдүүд маань энд тоглох, ном унших, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тэргэнцэр, бөмбөлөг гэх мэт эмчилгээний тоног тоног төхөөрөмжүүд дээр сэргээн засах, үйлчилгээнд орох боломжтой. Ингэснээр эцэг, эх, асран хамгаалагч төрийн үйлчилгээг тав тухтай орчинд түргэн шуурхай авах боломж бүрдэж байна" гэв.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан төв нээснээс гадна залуучуудын ажил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг нээжээ.
Энэ талаар СХД-ийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга С.Уугантуяа "Манай төвөөр Сонгинохайрхан дүүргийн 15-34 насны залуучууд үйлчлүүлэх боломжтой. Эдгээр залуучууд маань хөдөлмөр эрхлэлтийн таван модулаар сургалтад хамрагдаад хөдөлмөрийн зах зээл дээр гарч хөдөлмөр эрхлэхэд бэлэн болох юм. Өөрийгөө таньж мэдэх эхний шатны сургалтад хамрагдана. Тэгснээр өөрийнхөө ур чадварт тохирсон ажлын байрыг хаанаас олох вэ гэдэг мэдээлэлтэй болно гэсэн үг. Мөн анкет CV хэрхэн бичих вэ? Ажлын ярилцлагадаа хэрхэн орох вэ? Хаана, хэнд хандах вэ зэрэг мэдээллүүдийг авчихна гэсэн үг. Ажлын байран дээр дадлага хийж, өөр өөр газарт очсон залуучууд маань анкет CV хэрхэн бөглөсөн, ажиллахад ямар байсан зэрэг харилцан ярилцаад, бие биеийнхээ туршлагаас суралцах боломж бүрдэнэ. Түүнчлэн бүлэг болоод старт ап буюу гарааны бизнесээ хөгжүүлэх боломж бий. Хамтарч баг бүрдүүлээд хөдөлмөрийн зах зээл дээр гарч хөдөлмөр эрхлэлтээ нэмэгдүүлнэ. Энэ хөтөлбөр нь дөрвөөс таван долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ. Хэрвээ манай төвд хандаж ажил хайж байгаа хүн ур чадвар, туршлагатай бол шууд ажлын байртай болно" гэж ярилаа.
Сонгинохайран дүүрэг хөгжлийн бэршээлтэй хүүхдүүд төрийн үйлчилгээ авахад ая тухтай, хүртээмжтэй орчинг бүрдүүлж мөн залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж загвар төвийг ашиглалтад оруулаад байна.