Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн даргаар ажиллаж байсан С.Болормаа 2020 онд харамсалтайгаар нас барсан. Прокурорын байгууллагаас хэрэг гарах үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан В.Рэнцэндорж нарын гурван хүнд яллах дүгнэлт үйлдэж хэргийг Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Тус хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр болж, С.Болормаа агсны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тодруулбал, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, талийгаачийн ээж Г.Ундрамын нэхэмжилсэн 325 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Шүүх бүрэлдэхүүн тэднийг цагаатгах шийдвэр гаргасан үндэслэлээ доорх байдлаар тайлбарласан юм.
Прокурорын байгууллагаас шүүгдэгчдэд Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлд заасан бусдыг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэдэг зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн. Уг зүйл ангид бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй, бусдын туслалцаа асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учирсан нөхцөлд тусламж үзүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх тухай тусгажээ. Харин дээрх хэргийн тухайд уг үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх үзсэн байна.
Шүүхийн шийдвэрийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч шударга шийдвэр гаргалаа хэмээн байр сууриа илэрхийлсэн бол хохирогчийн өмгөөлөгч шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа учир шийдвэр албажсаны дараа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргана гэлээ.