Энэ оны зургаадугаар сарын 28-ны өдөр "Флаш моб" нэртэй цуглааныг бүртгэлгүйгээр зохион байгуулж, хорио цээрийн дэглэм, хягаарлалт зөрчсэн гэж Д.Амартүвшин, Д.Булгантамир торголоо.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн шүүхээс Нийслэлийн засаг даргын 2021 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн А/477 дугаартай захирамжийг зөрчсөн нь үндэслэлтэй байна гэж үзэж зөрчилд холбогдогч Д.Амартүвшин, Д.Булгантамир нарыг Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Энэ талаар Д.Амартүвшин “Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээгээд өнөөдөр шүүх хурал болж байна. Энэ долоо хоногийн нэг дэх өдөр надад шүүх хурал болно гэдгийг хэлсэн. Уг нь хоёр дах өдөр зарлагдсан байсан боловч хэргийн материалтай танилцаагүй гэдэг үндэслэлээр өнөөдөр 10 цагт шүүх хурал боллоо.
Өнгөрсөн долдугаар сард тэвчээр тасарлаа гэдэг хөдөлгөөн байгуулаад талбай дээр гацалт флашмоб зохион байгуулсан. Үүнээс зөрчлийн хуулийн 5.8 болон 5.13 гэдэг заалтаар гамшгийн тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр 500 мянган төгрөгөөр торгуулах эсвэл 14-30 хоногийн баривчилгаа гэдэг заалтаар явсан. Н.Булгантамир бид хоёрыг хариуцагчаар татаад өнөөдөр шүүх хурал зарлалаа.
Би шүүхийн ямар ч шийдвэр гарсан хүлээн авна. Би хуулиа дээдэлж хүндэлдэг хүн. Гол нь ижилхэн хуулийн орчинд улбар шар бүсэд надаас хэдэн зуу мянга дахин олон хүн цуглуулсан дарга нартаа яг энэ хуулиараа адилхан хариуцлага тооцоосой гэж хүсэж байна. Гол нь хууль хүн болгонд тэгш үйлчилдэг байх ёстой. Хуулийн өмнө иргэн, дарга адилхан хариуцлага хүлээх ёстой гэж бодоод байна” гэж хэллээ.