Монголын Үндэсний Бөхийн Холбооноос допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу 2021 оны аравдугаар сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн.
Журамд заасан хугацаанд нэг бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн боловч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна. Мөн зөрчил гаргасан нэг бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-ноос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгчээ.
Иймд 2021 оны наймдугаар сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна. Эдгээр бөхчүүдэд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтооно.
Эргэн сануулахад: 2019 онд улсын наадамд Э.Оюунболд түрүүлснийх дараа түүнээс допинг илэрсэн. Э.Оюунболд “Би допинг хэрэглээгүй. Миний шинжилгээг сольчихлоо” гээд АТГ, хуулийн байгууллагад хандсан. Гэвч түүний багштайгаа бичсэн чат нийтэд ил болж байлаа.
Хуулийн байгууллага энэ асуудлыг хэлэлцэн, энэ оны эхээр Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, аварга цолыг нь хураасан.
Улмаар түүний аварга цолыг хураан, Н.Батсуурьт даян аварга цол олгохоор шийдвэрлэсэн. 2020 оны улсын наадмын үзүүр бөх Н.Батсууриас өнгөрсөн жил допинг илэрсэн. Монгол Улсын түүхэнд аварга цолтой хоёр бөхөөс ийнхүү допинг илэрсэн билээ.
Өнгөрсөн жил улсын наадмыг өнжсөн Э.Оюунболд энэ жилийн Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд улсын арслан цолтой барилдсан. Уг наадмын өмнө бөхчүүд түүнийг барилдахыг эсэргүүцсэн юм. Допингийн эсрэг, өөрийг нь барилдахыг эсэргүүцсэн Ц.Содномдоржийг гурвын даваанд амласан нь олны дургүйцлийг улам бүр асаасан. Энэхүү барилдаанд Э.Оюунболд давсан. Барилдааны дараа Ц.Содномдорж хүсэлт гаргасны дагуу хоёр арслан сайн дураараа шинжилгээ өгсөн юм. Ийнхүү Э.Оюунболдоос дахин допинг илэрлээ.